Уншиж байна ...

Израилийн арми агаарын цохилтоор Ливаны нийслэл дэх Хезболлагийн төв байрыг устгалаа

Т.Давааням, ikon.mn
3 цаг 37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Израилийн зэвсэгт хүчин хөрш Ливан улсын нийслэл Бейрут хот дахь Хезболла зэвсэгт байгууллагын төв байрыг агаарын оновчтой цохилтоор устгаснаа зарлалаа.

Өчигдөр Бейрут хотод маш хүчтэй дэлбэрэлт болж, тэнгэрт хар, улбар шар өнгөтэй асар том утаан багана боссон байна.

Дэлбэрэлт ямар их хүчтэй байсныг Бейрутийн төвөөс хойд зүгт 30 км зайтай оршдог барилгын цонхнууд хагарснаас мэдэж болохоор байгаа юм.

Өмнөх өдөр нь алагдсан Хезболлагийн дээд командлагчдын нэгийг оршуулах олон мянган хүн оролцсон ёслолын ажиллагаанаас хойш цагийн дараа уг дэлбэрэлт болжээ.

Энэхүү дэлбэрэлтийн өмнө өчигдөр өглөө Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхдээ тус улс Ливаны хил дагуу аюулгүй байдал тогтоох хүртлээ Хезболлагийн хүчийг сулруулах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байхыг амласан байна.

Израилийн арми энэ долоо хоногийн эхнээс Ливаны нутаг дахь Хезболлагийн байрлалуудыг агаараас довтолж эхэлсэн юм.

Тэд зорилгоо сүүлийн 11 сар үргэлжилж буй Хезболлагийн хил дамнасан агаарын довтолгоог бүрмөсөн зогсоох гэж тайлбарлаж байгаа.

Энэ зорилгын хүрээнд Ливан-Израилийн хил орчмын бүсээс Хезболлагийн зэвсэгт бүлэглэлүүдийг зайлуулах хуурай замын цэргийн ажиллагаа явуулж болзошгүй болоод байна.

Өмнө нь 2006 онд Израилийн арми Хезболлагийн эсрэг нэг сар үргэлжилсэн байлдааны ажиллагаа явуулахад Ливан улс асар их хохирол амсаж байжээ.

Харин одоо Газын зурваст үүссэн шиг гамшигт нөхцөл байдал улс оронд нь үүсэхээс ливанчууд айж байна.

Баасан гарагийн өглөө Ливаны хил орчмын нутагт явуулсан Израилийн агаарын цохилтын улмаас 25 хүний амь үрэгдэж, энэ долоо хоногийн турш алагдсан хүний нийт тоо 720 давсныг тус улсын эрүүл мэндийн сайд Фирасс Абиад мэдээлжээ.

Ливаны өмнөд бүсийн Сидон, Набатие хотуудын орчимд хоёр цагийн хугацаанд үргэлжилсэн агаарын довтолгоо явуулсны үр дүнд Хезболлагийн пуужин харвах дэд бүтцийг устгаснаа Израилийн тал энэ үеэр мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press