Уншиж байна ...

Орос улсад тансаг ангиллын автомашин нийлүүлсэн гурван хүнд Германы шүүх хорих ял оноов

Т.Давааням, ikon.mn
2 цаг 42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Герман улсын  Одерын Франкфурт хотын шүүх хууль бус замаар тансаг ангиллын хэдэн зуун автомашиныг ОХУ-д нийлүүлсэн хэргээр гурван хүнд хорих ял оноосныг тус улсын Стерн сэтгүүл өчигдөр мэдээлжээ.

Шүүх тэднийг Орос улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчсөнтэй холбоотой 430 зүйл ангиар ялласан байна.

Тэд 2022 оны гуравдугаар сараас 2024 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд өндөр үнэтэй автомашинуудыг Беларусь улсад гаргах гаалийн мэдүүлгээр ОХУ-д нийлүүлж байжээ.

Гэмт хэрэгтнүүдийн хоёр нь зургаан жил, нэг нь дөрвөн жил шоронд хоригдох ял сонссон байна.

Тэдний хууль бус наймаанаас олсон бараг 30 сая еврогийн орлогыг хураажээ.

Гэмт хэрэгтнүүд ямар улсын иргэд байсныг шүүхийн мэдээлэлд дурдаагүй байна.

Украинд дайн эхэлж, олон улсын хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлсний дараа Беларусь улс нь Оросын хууль бус барааг дамжуулах гол гарц болж байжээ.

Тухайн үед Европын Холбооноос Беларусийн импортолдог гол бараа бүтээгдэхүүн автомашин, автомашины эд анги болж байв.

Тухайлбал 2022 оны нэгдүгээр сард буюу дайн эхлэхийн өмнө энэ төрлийн импортын хэмжээ сарын $50 сая орчим байсан бол 2024 оны нэгдүгээр сард $268 сая болж эрс өссөн байна.

Энэ оны тавдугаар сард Европын Холбоо уг цоорхойг нөхөхийн тулд Беларусь улсад автомашин экспортлохыг хориглох шийдвэр гаргаж байв.

Гэвч тухайн үед Герман, Франц улсууд энэ шийдвэрийг эсэргүүцсэн нь хоригийг зөвхөн автомашинаар хязгаарлалгүй, бусад цэрэг дайны зориулалтаар ашиглаж болох бараа бүтээгдэхүүнүүдийг хоригт оруулахыг хүссэнтэй холбоотой байжээ.

Ингээд долдугаар сард Беларусь улсад автомашин экспортлохыг хориглох шийдвэрийг Европын Холбоо эцэслэн гаргасан юм.

Украины дайнтай холбоотойгоор Орос улсын эсрэг Европын Холбоо хэд хэдэн багц хориг арга хэмжээ аваад байгаа.

Тансаг ангиллын бараа бүтээгдэхүүн, түүн дотроо 50 мянган еврогоос дээш үнэтэй автомашин ОХУ-д экспортлохыг хориглосон шийдвэр 2022 оны гуравдугаар сард зарласан дөрөв дүгээр ээлжийн багц хориг арга хэмжээнд багтсан юм.

 

Эх сурвалж: Stern