Уншиж байна ...

Япон улсын эрх баригч нам дараагийн ерөнхий сайдаа сонголоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Японы эрх баригч нам туршлагатай улс төрч Шигерү Ишибаг тэргүүнээрээ сонгосноор тус улсын дараагийн ерөнхий сайд тодорч байна.

Одоогийн ерөнхий сайд Фүмио Кишида намын даргын сунгаанд өрсөлдөхгүйгээ өнгөрсөн сард зарласны дараа Либерал Ардчилсан Намын тэргүүний суудалд есөн нэр дэвшигч өрсөлдөж эхэлсэн юм.

Дэлхийн Хоёрдугаар дайнаас хойших ихэнх хугацаанд Японыг удирдаж ирсэн тус нам парламентад олонх болдог тул намын дарга нь шууд ерөнхий сайд болно.

Либерал Ардчилсан Нам олон дуулианд нэр холбогдож, дотоод зөрчлийн улмаас хүчирхэг фракцууд нь задарсан цаг үед Ишиба шинэ дарга болж байна.

63 настай Ишиба сунгааны сүүлчийн шатанд нэр дэвшигч Санае Такаичитай тунаж үлдээд байв.

Хэрвээ Такаичи намын дотоод сонгуульд ялсан бол Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болох байлаа.

Сонирхолтой нь Ишиба намынхаа олон гишүүд болон үе үеийн засгийн газрын эсэргүүцсээр ирсэн эмзэг сэдэв болох эзэн хааны ширээнд эмэгтэй хүн өргөмжлөхийг дэмжиж байсан юм.

Тэр бас ерөнхий сайд Кишидаг олны өмнө ил тод шүүмжилдэг байсан нь Японы улс төрд ховор үзэгдэл байлаа.

Харин Либерал Ардчилсан Намын тэргүүний суудалд өрсөлдсөн хоёр эмэгтэйн нэг болох Такаичи бусад нэр дэвшигчдийн дотор хамгийн хуучинсаг үзэлтнүүдийн нэг байсан юм.

Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн ойрын холбоотон байсан Такаичи эмэгтэйчүүдийг сайн ээж, эхнэр байлгахыг эрхэмлэдэг намынхаа уламжлалт бодлогыг дэмжиж байв.

Тэр бас эмэгтэйчүүдийн төрсөн гэр бүлийнхээ овог нэрийг хадгалж үлдэх болон эмэгтэй эзэн хааныг зөвшөөрөх хуулийн төслийг эсэргүүцдэг байжээ.

Одоо Ишибад намынхаа нэр хүндийг өсгөх, ард иргэдийн итгэлийг сэргээх маш хэцүү даалгавар оногдож байна.

“Ирэх намын даргын сонгуулиар Либерал Ардчилсан Нам өөрчлөгдөж чадахаа ард түмэнд харуулах шаардлагатай” гэж ерөнхий сайд Кишида шийдвэрээ зарлах үеэр хэлж байжээ.

Өнгөрсөн хугацаанд тус намын олон гишүүн маргаан дагуулсан Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагатай нэр холбогдож, улс төрийн хандив, санхүүжилтийг тайлагналгүй хувьдаа завшсан зэрэг олон дуулианд хутгалдсан юм.

Үүний улмаас тус намын зургаан гол фракцын тав нь задарч байв.

Шинэ ерөнхий сайдад бас Японы эдийн засгийг сэргээж, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх даалгавар оногдож байна.

Цар тахлын дараа тус улсын иргэд иений ханшийн сулрал, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, эдийн засгийн зогсонги байдлын дарамтыг үзэж байгаа.

Өөр нэг том хүндрэл нь жилээс жилд хөгширч, цөөрч буй Японы хүн амын асуудал юм.

зураг
 

Ишиба, Такаичи нартай хамгийн залуу нэр дэвшигч болох 43 настай Шинжиро Коизүми, гадаад хэргийн эмэгтэй сайд, 71 настай Ёко Камикава, дижитал шилжилтийн сайд, 61 настай Таро Коно, засгийн газрын нарийн бичгийн дарга, 63 настай Ёшимаса Хаяаши, намын нарийн бичгийн дарга, 68 настай Тошимицү Мотеги, эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан, 49 настай Такаюүки Кобаяаши, засгийн газрын нарийн бичгийн дарга асан, 68 настай Кацүнобу Като нар өрсөлджээ.

Есөн нэр дэвшигчийн дөрөв нь гадаад хэргийн сайд болон сайд асан, гурав нь батлан хамгаалахын сайд асан хүмүүс юм.

 

Эх сурвалж: BBC