Уншиж байна ...

Сицили дэх төрөлх хот нь мафийн боссын тухай киног үзүүлэхээс татгалзжээ

Т.Давааням, ikon.mn
2 цаг 8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Алдар цуутай Коза Ностра мафийн босс Маттео Мессина Денаро агсны төрсөн Сицили арлын Кастелветрано хотын цорын ганц кино театр түүний амьдралыг харуулсан киног гаргахаас татгалзжээ.

30 жилийн турш цагдаагийн мөрдлөгөөс зугтаж амьдарсныхаа дараа баригдсан Денаро шоронд есөн сарыг өнгөрүүлсний эцэст өнгөрсөн оны есдүгээр сард хорт хавдрын улмаас нас барсан юм.

Венецийн кино наадамд саяхан оролцсон “Сицилийн Захидлууд” кино нь Денарогийн амьдрал дээр сэдэвлэсэн уран сайхны бүтээл болжээ.

Уг киног аравдугаар сарын 10-нд Итали даяар нээх гэж байгаа.

Гэтэл Денарогийн төрөлх хот Кастелветраногийн Маркони кино театрын эзэн Салваторе Ваккарино уг киног гаргахаас татгалзжээ.

Түүний шийдвэрийн талаар орон нутгийн сонин тодруулахад “Энэ киног би сонирхохгүй байна. Энэ кино надад хамаагүй” гэж товчхон хариулсан байна.

Тэрбээр хотын захирагч агсан Антонио Ваккариногийн хүү ажээ.

Эцэг Ваккарино 1990-ээд оны үед хар тамхины хэргээр ял эдэлж, Денарог баривчлахаар мөрдөж байсан Италийн нууц албаны өмнөөс мафийн босстой захидлаар харилцаж байсан гэдгээрээ нийтэд танигдсан хүн юм.

Дээрх кино энэ түүхийг өгүүлдэг ажээ.

Зарим хүмүүс Ваккариног аавынх нь тухай үйл явдал гардагтай холбоотой киног үзүүлэхээс татгалзсан байх гэж таамаглаж байна.

Харин өөр нэг хэсэг нь кинонд Денарог хэтэрхий сөргөөр дүрсэлдэг тул түүний дурсгалыг хүндлэх үүднээс Ваккарино үзүүлэхээс татгалзсан байж болзошгүй гэж дүгнэжээ.

Кастелветрано хотын дарга Жованни Лентини шинэ киног оршин суугчдадаа үзүүлэхийн тулд Ваккариног ятгах бодолтой байгаагаа хэвлэлд ярьсан байна.

зураг
 
Денаро баривчлагдах үедээ

Италийн хамгийн алдартай оргодол болоод байсан Денаро 2023 оны нэгдүгээр сард хорт хавдрын эмчилгээ хийлгэхээр Палермо хотын эмнэлэгт очоод цагдаа нарт баривчлагдсан юм.

Тэрбээр 1992 онд мафитай тэмцэж байсан прокурорууд болох Жованни Фалконе, Пауло Борселлино нарын амийг хөнөөсөн хэрэгтээ 2002 онд шүүхээс бүх насаар хорих ял авч байжээ.

Денаро нь нэг удаа алсан хүмүүсээрээ оршуулгын газрыг дүүргэж чадахаа бахархан ярьж байсан гэдэг.

Тэрбээр эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа зарим банкир, бизнесмэн, улс төрчдийн тусламжтай тансаг амьдарч байсныг мөрдөгчид илрүүлж байв.

“Сицилийн Захидлууд” кинонд Денарогийн дүрийг Италийн жүжигчин Элио Жермано бүтээжээ.

 

Эх сурвалж: The Guardian