Уншиж байна ...

М.Энхбадрал: УИХ дахь намын бүлгийн хуралдаан хаалттай, хуйвалдааны шинжтэй ажиллаад байвал юу ч өөрчлөгдөхгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг тохиолдуулан Нээлттэй Нийгэм Форум, Цогц Хөгжлийн Үндэсний Төв (ЦХҮТ)-өөс "Парламентын ил тод байдал" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. 

Цогц хөгжлийн үндэсний төвөөс Улсын Их Хурал (УИХ) иргэдэд нээлттэй болох талаар зөвлөж боловсруулж, өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр танилцуулав. Тус зөвлөмжийг УИХ-ын даргад хүргүүлэх аж. 

Хууль тогтоох байгууллага болох УИХ яагаад нээлттэй болох талаар ЦХҮТ-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал мэдээлэл өглөө. 

Тэрбээр "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гэхдээ төлөөллийн байгууллагын хувьд хууль тогтоох үйл ажиллагаа, хяналтыг хэрэгжүүлэх бүх процессын талаар хүмүүст мэдэх эрхийг олгосон байх ёстой. Учир нь гишүүд таныг төлөөлөн ажиллаж байгаа учраас ямар ажил хийж байгааг иргэд сонгогчид өөрсдөө хянах ёстой. 

Манай тогтолцоогоор бол улс төрчдөд сонгуулиар хариуцлага тооцох ёстой гэж ойлгодог. Гишүүд таныг төлөөлөөд ажиллаж байгаа учраас өдөр бүр юу хийж байгааг бодитой мэдээллээр хэмжих боломжтой. 

Эс бөгөөс зөвхөн хэвлэлийн мэдээ, өөрсдийнх нь харуулахыг хүссэн мэдээллээр авах нь өрөөсгөл. Монгол Улсын парламент хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй ил тод байж чадахгүй байгаа. 

Тиймээс манай байгууллага зарчмын найман хүрээнд ил тод байх ёстой гэсэн саналыг хууль тогтоох байгууллагад өгнө. Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, хуулийн төслийн хэлэлцүүлгийн процессыг явцад орж буй өөрчлөлтийг мэдэх ёстой. 

Өнөөдрийн байдлаар тухайн хуулийн төсөл анх өргөн баригдсанаас хойш хэлэлцүүлгийн явцад олон өөрчлөлт орсон байдаг. Үүнийг бид мэдэх боломжгүй байна. 

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу чуулган, байнгын хорооны хуралдаанд нэгдсэн тэмдэглэл хөтлөгддөг. Энэхүү тэмдэглэлийг цаг тухай бүрд байрлуулж, хүмүүс түүнээс мэдээлэл авдаг байх ёстой. Харин одоогоор нэгдсэн, тогтсон хугацаагүй, зарим тэмдэглэл орсны дараа байхгүй болчихдог. 

Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн саналыг авч буй D-Parlament нь сайн платформ. Гэхдээ иргэдийн өгсөн санал тухайн хуулийн төсөлд хэрхэн тусгагдаж байгаа талаар заавал хариу өгөх ёстой. Энэ нь хэрэгжихгүй байгаа. 

"УИХ дахь намын бүлэг нь улс төрийн намын бус УИХ-ын институцийн нэг хэсэг юм"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн тэрбээр "Саяхан УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцэхээс илүүтэй сүүлийн шат буюу ёсчлон баталдаг болсон. Гол хэлэлцүүлгүүд нь Байнгын хороо, УИХ дахь намын бүлэг дээр явдаг болсон. 

УИХ дахь намын бүлэг тэмдэглэлгүй, хэвлэл мэдээллийг оруулдаггүй, хаалттай хуралддаг. УИХ дахь намын бүлэг нь улс төрийн намын бус УИХ-ын институцийн нэг хэсэг юм. 

УИХ-ын үндсэн зарчим нь ил тод нээлттэй, иргэдийн оролцоог хангасан байх ёстой учраас намын бүлгүүд нээлттэй болох ёстой. Намын бүлгийн хуралдаан бичлэгтэй, тэмдэглэлтэй, сэтгүүлчид орж мэдээлэх бүрэн боломжтой байх ёстой. Намын бүлгийн хуралдаан хаалттай, хуйвалдааны шинжтэй, намын нэг хэсэг шиг ажиллаад байвал юу ч өөрчлөгдөхгүй.

Хуулийн төслийг боловсруулах үе шатанд иргэдийн саналыг авах боломжтой байдаг. Ямар хуулийн төсөл, хаана боловсруулагдаж байгаа талаарх мэдээллийг нэгтгэж гаргах, парламентад буй мэдээллийг боловсруулах боломжтой тоон байдлаар байршуулдаг болох зам руу хөгжих ёстой. Ингэж чадвал манай парламент бэхжиж, аль аль талдаа ашигтай гарна. 

Бид боловсруулсан зөвлөмжөө өнөөдөр нээлттэй хэлэлцүүлж байна, дараа нь УИХ-ын даргад хүргүүлнэ. УИХ үйл ажиллагааныхаа стратегийг боловсруулж байгаа. Үүнд бидний өгч буй зөвлөмж тусаад яваасай хэмээн ажиллаж байна. 

Цар тахлын үед сэтгүүлчдийг чуулганы нэгдсэн танхим руу оруулахгүй хязгаарлаж байсан нь өнөөдрийг хүртэл хэвээр байна. Чуулганы танхимд бодитоор юу болж буйг иргэд мэдэх боломжгүй. Зөвхөн автоматаар шууд дамжуулж буй хэрэгслээс сэтгүүлчид мэдээллийг авч байна. 

Хэвлэлд хаалттай байна гэдэг нь иргэдийн мэдэх боломжийг хязгаарлаж байна гэсэн үг" хэмээн ярилаа.  

Хэлэлцүүлгийн зургуудаас: