Уншиж байна ...

Энэ оны эхний хагаст Хайти улсад 3,661 хүн гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсаныг НҮБ мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
3 цаг 15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ оны эхний хагаст Хайти улсад хамгийн цөөндөө 3,661 хүн гэмт хэрэгтнүүдийн хүчирхийллийн улмаас амиа алдсаныг НҮБ-ын хүний эрхийн байгууллага өчигдөр мэдээлжээ.

Тэдгээрийн 100 орчим нь хүүхдүүд байсан байна.

“Энэхүү утга учиргүй гэмт хэргийн улмаас дахин хүний амь үрэгдэх ёсгүй” гэж НҮБ-ын хүний эрхийн байгууллагын тэргүүн Фолкер Тюрк дээрх тоо баримтыг танилцуулахдаа мэдэгджээ.

Карибын тэнгисийн арлын улс Хайтид сүүлийн жилүүдэд засаглал хяналтаа алдаж, гэмт хэргийн томоохон зэвсэгт бүлэглэлүүд нутаг дэвсгэрийнх нь нэлээд хэсэгт ноёрхлоо тогтоосон.

Энэ оны хоёрдугаар сарын сүүлээр зэвсэгт бүлэглэлүүд нийслэл Порт-О-Прэнс хотын шорон, төрийн байгууллагуудын байрууд руу довтолсноор нөхцөл байдал улам дордсон юм.

Дээрх бүлэглэлүүд хүн амыг эрхшээлдээ оруулах, айлгах, шийтгэх зорилгоор бэлгийн хүчирхийллийг зэвсэг болгон ашиглаж буйг НҮБ-ын тайланд дурджээ.

Мөн Хайти улсын агаарын болон усан хилийн хяналт алдагдсаны улмаас хөрш АНУ, Бүгд Найрамдах Доминикан, Ямайк зэрэг улсуудаас сүүлийн үеийн галт зэвсэг, сум хэрэгсэл чөлөөтэй нэвтэрдэг болсныг тайланд мэдээлсэн байна.

Тиймээс Хайти улсад галт зэвсгийн экспортын болон аяллын хориг тавих, гэмт хэргийн бүлэглэлүүдийн хөрөнгийг битүүмжлэх зэрэг арга хэмжээнүүд авахыг Фолкер Тюрк олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Үймээн самуун, эмх замбараагүй байдлыг зогсоож дийлэхгүй болсон Хайти улсын засгийн газар өнгөрсөн онд олон улсаас тусламж хүссэний дагуу зүүн Африкийн Кени улсын тэргүүлсэн олон үндэстний тусгай хүчнийг НҮБ тус улсад илгээсэн юм.

Энэхүү хамтын ажиллагаанд дэлхийн 10 улс оролцож, нийт 3,100 цэрэг илгээхээ амлаж байсан ч одоогоор ердөө 430 нь Хайтид үүрэг гүйцэтгэж байгааг дээрх тайланд дурджээ.

Олон улсын хамтарсан хүчний Хайтид үүрэг гүйцэтгэх нэг жилийн хугацаатай мандат дуусахад хэдхэн хоног үлдсэн тул НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Даваа гарагт сунгах асуудлаар санал хураах юм.

Хайти улсын эрх баригчид энэхүү хүчнийг тогтмол санхүүжилт, бие бүрэлдэхүүнтэй албан ёсны энхийг сахиулах хүч болгохыг НҮБ-аас хүсэж байгаа.

Лхагва гарагт Нью-Йорк хотноо НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы индрээс үг хэлэхдээ Хайти улсын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Гарри Конилл улс орондоо дэг журам тогтооход туслахыг дэлхийн улс орнуудад уриалж байв.

“Бид энэ дайнд ялахгүй, та бүхний тусламжгүйгээр ялах ямар ч боломжгүй нь нэгэнт тодорхой болсон” гэж тэр энэ үеэр хэлжээ.

Энэ оны эхний хагаст Хайтид орон гэрээсээ дүрвэсэн хүний тоо 700,000 гаруй болж, 1.6 сая орчим хүн хүнсний хомсдолд орсныг НҮБ-ын тайланд дурдсан байна.

 

Эх сурвалж: Aljazeera