Уншиж байна ...

Монгол, Солонгосын НОГООН ХАМТЫН ажиллагаа, ойн аж ахуйн тоног төхөөрөмж үзэсгэлэнгээс...

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 27
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол-Солонгосын “Ногоон хамтын ажиллагаа 2024" үзэсгэлэн Блю Скай зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү үзэсгэлэнд ЗГХА Ойн газар, Солонгосын ойн аж ахуйг дэмжих хүрээлэн, БНСУ-ын КОТРА Гадаад Худалдаа Хөрөнгө Оруулалтын Агентлаг, Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн төлөөлөл болон ойн чиглэлээрх хоёр орны хувийн хэвшлийнхэн оролцсон юм. 

Чой Жин Вон: Ногоон орчин, өтгөн ой нь тухайн орны ард иргэдэд эрүүл амьдралыг бэлэглэх байгалийн баялаг

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үзэсгэлэнг нээж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон үг хэлэхдээ "Ногоон орчин, өтгөн ой нь тухайн орны ард иргэдэд эрүүл амьдралыг бэлэглэх байгалийн баялаг.

Уур амьсгалын өөрчлөлтийн хямралын үед ойн сан нүүрстөрөгчийг шингээх шилдэг, шалгарсан арга болох нь тогтоогдсон учир ач холбогдол нь улам бүр нэмэгдсээр байна.

Өнөөдөр зохион байгуулагдаж буй Солонгос, Монголын "Ногоон хамтын ажиллагаа" үзэсгэлэн нь Монгол Улсад хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хоёр орон хэрхэн хамтран ажиллахаа хэлэлцэхийн зэрэгцээ ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хоёр талын бизнес эрхлэгчид шинэ бизнесийн боломжийг эрэлхийлэх чухал ач холбогдолтой.

БНСУ нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсад мод тарих, ургуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн туршлагатай.

Ойн чиглэлээрх хоёр орны хувийн хэвшлийн гол төлөөллүүд цугласан энэхүү арга хэмжээ нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хоёр талын идэвхтэй хамтын ажиллагааны талбар болно гэж найдаж байна" хэмээв. 

Б.Оюунсанаа: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарьж ургуулах нь төслийн гол агуулга

ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа "Монгол Улсад ойн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байгаа.

Монгол, Солонгос улс 1990 оноос хойш дипломат харилцаа тогтоосон цагаас эхэлж, хамтын ажиллагаагаа эхэлсэн.

Ялангуяа 1998 оноос ойн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, эдүгээ 26 жилийн турш хамтарч ажиллаж байгаа. Үүний тод жишээ нь хоёр улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй "Ногоон хэрэм" төсөл. 

Энэ удаад гурав дахь шатны төслийг хэрэгжүүлж яваа. Уур амьсгалын өөрчлөл, цөлжилт, газрын доройтол, шар шорооны шуурганы эсрэг мод тарьж ургуулах, ногоон орчныг бий болгохын төлөө төслийн гол агуулга чиглэж байна" хэмээн хэллээ. 

Чой Дун Ха: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжихийн төлөө хамтран ажиллахаар төлөвлөж байна

Ойн аж ахуйг дэмжих хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүн Чой Дун Ха "Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь зөвхөн Монгол орны нутаг дэвсгэрт төдийгүй, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ажил.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжихийн төлөө бид хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. 

Өнөөдрийн үйл ажиллагаа нь хоёр орны ойн салбарын хамтын ажиллагаа амжилттай байгааг илэрхийлж байна" гэлээ. 

Энэ удаагийн үзэсгэлэн нь ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх боломжоос гадна хоёр улсын ойн салбарын хамтын ажиллагааг цааш илүү өргөжүүлэн хөгжүүлэх алтан боломж гэдгийг тэд онцолж байлаа. 

Гэрэл зургийг Mpa агентлаг