Уншиж байна ...

Израилийн агаарын цохилтод алагдсан Хезболлагийн тэргүүн Хассан Насралла гэж хэн байсан бэ?

Т.Давааням, ikon.mn
48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Ливаны нийслэл Бейрут хотод Израилийн зэвсэгт хүчин агаараас довтлох үеэр Хезболла зэвсэгт байгууллагын удирдагч Хассан Насралла алагдсаныг тус байгууллага өчигдөр зарлажээ.

Ухаалаг стратегич, уран илтгэгч гэгддэг байсан Насралла нь Хезболлаг сүүлийн 30 орчим жил тэргүүлэхдээ Ойрх Дорнодын бүс нутгийн хамгийн хүчирхэг зэвсэгт байгууллагуудын нэг болгосон юм.

Ингэхдээ тэр Ираны шийт шашны удирдагчид болон Палестины Хамас зэвсэгт байгууллагатай түншлэлээ бэхжүүлж, Хезболлаг Израилийн хамгийн том дайсан болгосон байна.

Насраллагийн удирдлага дор Хезболла байгууллага Израилийн эсрэг дайтаж, Башар Аль Ассадын дэглэмд туслахын тулд хөрш Сирийн мөргөлдөөнд оролцож байв.

Ливаны шийт шүтлэгтнүүдийн болон Араб, Исламын ертөнцийн олон сая хүний хүндлэлийг хүлээсэн Насралла нь Исламын шашныг үндэслэгч зөнч Мухаммедын үеэс эхлэлтэй шийт урсгалын өндөр дээд цол хэргэм болох сайидыг эзэмшдэг байжээ.

Хезболла нь Ливаны иргэний дайны үеэр 1982 онд үүсгэн байгуулагдсан юм.

Хэдийгээр АНУ болон Өрнөдийн орнууд Насраллаг экстремист гэж үздэг ч Хезболлагийн анхны удирдагчидтай харьцуулахад нэлээд прагматик нэгэнд тооцдог байжээ.

Тэрбээр хэчнээн хүчирхэгжиж чадсан ч олон жилийн турш Израилийн аллагаас айж, нуугдаж амьдарсан юм.

1960 онд Бейрутийн хойд захын Шаршабук дүүрэгт ядуу шийт гэр бүлд мэндэлсэн Насралла хожим Ливаны өмнөд бүс нутагт дүрвэжээ.

Тэрбээр шашны чиглэлээр суралцаж, Хезболлагийн үүсгэн байгуулагчдын нэг болохоосоо өмнө шийт шүтлэгтнүүдийн улс төрийн хагас цэрэгжсэн байгууллага болох Амал хөдөлгөөнд элсэж байв.

Хезболлаг 1982 оны зун Израилийн түрэмгийлэгчидтэй тэмцэхээр Ливанд ирсэн Ираны Хувьсгалт Гвардын гишүүд үүсгэн байгуулалцжээ.

Энэ нь Ираны шашны хувьсгалыг гадаадад экспортлох зорилготой анхны байгууллага болж байв.

Хезболлагийн удирдагч 39 настай Сайид Аббас Мусави өмнөд Ливаны нутагт Израилийн нисдэг тэрэгний довтолгоонд амь үрэгдсэнээс хойш хоёр хоногийн дараа 1992 оны хоёрдугаар сард Насралла тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байжээ.

Үүнээс хойш таван жилийн дараа АНУ-ын засаг захиргаа Хезболлаг “террорист” буюу алан хядах байгууллагаар зарлаж байв.

Насраллагийн удирдлага дор Хезболла 2000 онд 18 жилийн турш эзлэгдээд байсан Ливаны өмнөд нутгаас Израилийн цэргийг гаргаж чадсан юм.

Түүний ууган хүү Хади 1997 онд Израилийн цэрэгтэй тулалдаж байгаад амь үрэгджээ.

Израилийн цэргийг Ливанаас гаргасан амжилт нь Арабын ертөнц даяар Насраллагийн нэр хүндийг өсгөсөн байна.

2006 онд Хезболла болон Израилийн хооронд 34 хоног үргэлжилсэн дайн мухардмал байдлаар өндөрлөсөн нь Насраллагийн нэр хүндийг улам бэхжүүлжээ.

Гэхдээ 2011 онд Сирид иргэний дайн дэгдэж, Арабын ертөнц ерөнхийлөгч Ассадыг ганцаардуулахад Дамаскийн дэглэмийн талд Хезболла тулалдсан нь тус байгууллагын нэр хүндийг бага зэрэг унагаж байв.

зураг
 
Израилийн агаарын цохилтод сүйрсэн Хезболлагийн төв байр

Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Газын зурваст дайн эхэлсний маргааш Хезболла хил орчмын Израилийн цэргийн байрлалуудад агаараас довтолж, Ливан-Израилийн хил дагуу Газын “хоёр дахь фронт” үүсгэснээ зарлаж байлаа.

Хил дамнасан байлдааны ажиллагаа нь Газын зурвасаас Израилийн хүчний төвлөрлийг сарниулах зорилготойг Насралла энэ үеэр тайлбарлаж, Израил улс Газын зурвасаас цэргээ татах хүртэл ажиллагаагаа зогсоохгүйг мэдэгдэж байжээ.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Израилийн арми дайны шинэ үе шатыг Ливаны чиглэлд эхлүүлж, нөхцөл байдал хурцадсан ч Насраллагийн байр суурь өөрчлөгдөөгүй юм.

Өнгөрсөн хугацаанд Израилийн арми агаарын цохилтоор Хезболлагийн дээд командлагчдыг ээлж дараалан устгаж, Хезболлагийн гишүүдийн харилцаа холбооны хэрэгслүүдийг дэлбэлсний улмаас 37 хүн алагдаж, олон мянган хүн шархдаад байна.

 

Эх сурвалж: Associated Press