Уншиж байна ...

Тойрог замд гацсан NASA-гийн сансрын нисэгчдийг буцаах SpaceX-ийн хөлөг дэлхийгээс хөөрлөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Boeing компанийн анхны туршилтын хөлгөөр дэлхийн тойрог замд очсон NASA-гийн хоёр сансрын нисэгч техникийн доголдлын улмаас буцах боломжгүй болоод байгаа билээ.

Тэднийг тойрог замд хүргэсэн Boeing компанийн Starliner хөлөг хүн тээвэрлэхэд эрсдэлтэй болсон тул энэ сарын эхээр хоосон буцсан юм.

NASA болон Boeing компанийн удирдлагууд удаан зөвлөлдсөний эцэст хоёр сансрын нисэгчийг SpaceX компанийн хөлгөөр буцааж авчрахаар тохиролцож байв.

Бямба гарагт SpaceX-ийн хөлөг дэлхийгээс хоёр хоосон суудалтай хөөрсөн нь тойрог замд гацсан Бач Уилмор, Суни Уилльямс нарыг буцахдаа дэлхийд авчрахаар төлөвлөсөнтэй холбоотой.

Гэхдээ тэднийг ирэх оны хоёрдугаар сард л буцаах юм. Уилмор, Уилльямс нар анх Boeing-ийн хөлгөөр дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад очихдоо найм хоноод буцах төлөвлөгөөтэй байжээ.

Харин одоо тэд найман сарын дараа буцахаар болж байна.

NASA зургаан сар тутамд тойрог замд ажиллаж буй сансрын нисэгчдээ сольдог журамтай.

Тиймээс бусад нислэгүүдийн хуваарийг алдагдуулахгүйн тулд Уилмор, Уилльямс нарыг дэлхийд эрт авчрах боломжгүй байгаа юм.

Бямба гарагийн нислэгээр тойрог замд очсон NASA-гийн Ник Хаг, ОХУ-ын Александр Горбунов нар ирэх оны хоёрдугаар сард Уилмор, Уилльямс нартай хамт дэлхийд буцаж ирнэ.

Ингэхийн тулд тэдэнтэй хамт нисэх хуваарьтай байсан NASA-гийн сансрын нисэгчид Зена Кардман, Стефани Уилсон нарыг үлдээж, хоёр суудлыг хоосон хөөргөсөн юм.

Кардман, Уилсон нарыг дараагийн нислэгүүдэд шилжүүлжээ.

2014 онд NASA өөрийн сансрын нисэгчдийг зөөвөрлөх ажлыг гүйцэтгэх хөлгүүдийг зохион бүтээлгэхээр Boeing, SpaceX компаниудтай олон тэрбумын гэрээ байгуулж байв.

SpaceX-ийн хөлөг 2020 онд ашиглалтад орж, одоо NASA-гийн гол тээвэрлэгч болоод байгаа. Харин Boeing компанийн хөлөг олон удаа хойшилсны эцэст энэ оны зургаадугаар сард анхны сансрын нисэгчдээ дэлхийн тойрог замд хүргэсэн ч техникийн доголдлын улмаас тэднийгээ буцаах боломжгүй болсон юм.

 

Эх сурвалж: Associated Press