Уншиж байна ...

Израилийн арми Йемен улс дахь Хути босогчдын байрлалд агаараас довтоллоо

Т.Давааням, ikon.mn
2 цаг 56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Йемен улсын нутагт Хути босогчдын хяналтад байдаг тэнгисийн боомт, цахилгаан станцуудад нисэх онгоцоор агаараас довтолсноо Израилийн арми Ням гарагт зарлажээ.

Урьдчилсан байдлаар боомтын нэг ажилтан болон гурван инженер алагдаж, 33 хүн шархадсаныг Хути хөдөлгөөний Аль-Масира телевиз мэдээлсэн байна.

Үүний улмаас Ходейда боомт хотын ихэнх хэсэгт эрчим хүчний хангамж тасалджээ.

Бямба гарагт Хути босогчид Израилийн Бен Гурионы олон улсын нисэх буудалд пуужингаар довтолсноо мэдээлж байсан юм.

“Агаарын хүчний сөнөөгч, шатахуун цэнэглэгч, тагнуулын зэрэг олон арван нисэх онгоц оролцсон томоохон агаарын ажиллагааг бид өнөөдөр Йемен улсын Рас-Исса, Ходейда орчмын Хути террорист дэглэмийн байрлалуудын эсрэг явууллаа. Манай цохилтын бай цахилгаан станцууд, газрын тос импортлоход ашигладаг боомтууд байлаа” гэж Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Дэвид Аврам мэдээлжээ.

Ираны дэмжлэгтэй Хути зэвсэгт хөдөлгөөнийхөн өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Газын зурваст дайн эхэлснээс хойш Палестинчуудыг дэмжиж байгаагаа харуулах зорилгоор Израилийн нутаг дэвсгэрт пуужин, нисгэгчгүй онгоцоор удаа дараа довтолж байсан юм.

Израилийн агаарын цохилт тэдний “Газ болон Ливаныг орхих” шалтгаан болохгүйг Хути хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Мохаммед Абдулсалам Х хуудсаараа мэдэгдсэн байна.

Иран улсын засгийн газар Йемений “иргэний байгууламжуудад довтолсон” хэмээн Израил улсыг буруутгасан мэдэгдэл гаргажээ.

1990-ээд оны үед Ираны дэглэмийн дэмжлэгээр байгуулагдсан Хути зэвсэгт хөдөлгөөн 2014 онд Йемений нийслэл Санаа хотыг эзэлсэн бөгөөд одоо тус улсын газар нутгийн баруун хэсгийг хяналтдаа байлгадаг.

Өчигдөр Израилийн цохилтод өртсөн Ходейда боомт нь Ираны зэр зэвсгийг бүс нутгийн холбоотнуудад тээвэрлэхэд ашиглагддаг байжээ.

“Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хути хөдөлгөөнийхөн Ираны удирдлага, санхүүжилтийн дор Иракийн зэвсэгт хүчинтэй хамтран ажиллаж, Израиль улс руу халдан довтлох, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах, дэлхий нийтийн навигацийн эрх чөлөөг алдагдуулах зорилгоор үйл ажиллагаа явуулж байсан юм” гэж Израилийн армийн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: Reuters