ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

БЯМБА гарагт бүх нийтийн ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сар шинийн баярыг хоггүй, цэвэр орчинд угтахаар нийслэлчүүд жил болгон их цэвэрлэгээ хийдэг уламжлалтай. Энэ сарын 18-н буюу Бямба гарагт нийслэл даяар их цэвэрлэгээнд гарна.

Мөн 01 сарын 19-нөөс 02 сарын 05-ны өдрүүдэд эрчимжүүлсэн цэвэрлэгээний ажлуудыг хийхээр болжээ.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм.

Иргэд өөрсдийн амьдарч буй орон сууц, хашааны гаднах талбайн хогийг цэвэрлэх бол аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11-р сарын 13-ны өдрийн 61-р тогтоолоор заасан эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хийнэ.

Тодруулбал автозам, явган хүний зам талбайн цас, мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах,  нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх юм.

Их цэвэрлэгээнд их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, суралцагчдыг хамруулахаар болсон байна. Харин аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачихаар зохицуулалт хийжээ.

Иймээс их цэвэрлэгээндээ идэвхитэй оролцохыг НЗДТГ-аас уриаллаа.