Уншиж байна ...

Камала Харрисын автомашинаар хүн мөргөөд зугтсан гэх бичлэгийг Оросын троллууд тараасныг Майкрософт тогтоожээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 12 цаг 03 минут
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрисын 2011 онд Сан-Франциско хотод автомашинаар хүн мөргөөд хэргийн газраас зугтсаныг харуулсан гэх хуурамч дүрс бичлэг сошиал орчинд саяхан тархсан юм.

Майкрософт компанийн Threat Analysis Center төвийн мэргэжилтнүүдийн баг уг бичлэгийг судлаад Оросын суртал нэвтрүүлэгчдийн бүтээл болохыг тогтоожээ.

Кремлийн санхүүжилттэй тролл арми гэгддэг Storm-1516 нэртэй бүлэг уг дүрс бичлэгийг бүтээж, хохирогчийн дүрд тоглосон хүнд мөнгө төлж, огт байдаггүй Сан-Францискогийн KBSF-TV гэгч хуурамч мэдээллийн сайтаар тараасан байна.

Майкрософтын судлаачид энэ бичлэгийг Оросын эрх баригчид арваннэгдүгээр сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх үйл ажиллагаагаа өргөжүүлж буйн илрэл гэж дүгнэжээ.

“Оросын нөлөөллийн үйл ажиллагаа эхэндээ ерөнхийлөгч Байденыг 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарсны дараа Ардчилсан Намын кампанит ажилд чиглэж байсан. Харин наймдугаар сарын сүүлээр Оросын Storm-1516 бүлэг дэд ерөнхийлөгч Харрис, мужийн захирагч Уолц нарыг хуурамч хуйвалдааны онолд хутгах зорилготой контентуудыг бүтээж эхэлжээ” гэж Майкрософтын вэб сайтад өчигдөр нийтлэгдсэн тайланд бичсэн байна.

Ингэхдээ тэд KBSF-TV нэртэй сайтыг шинээр үүсгээд удалгүй Харрисын бичлэгийн талаар анхны мэдээг цацаж байжээ.

Дээрх бичлэг нь Харрис 13 настай охиныг мөргөөд зугтсан зохиомол үйл явдлыг харуулсан юм байна.

Бичлэгийг янз бүрийн сувгаар нийтдээ 2.7 сая гаруй удаа үзсэн байжээ.

Энэ сарын эхээр АНУ-ын хууль зүйн яам Америкийн контент үйлдвэрлэгч компанид сонгуульд нөлөөлөх зорилготой материал захиалж хийлгээд тараасан хэрэгт Оросын төрийн өмчит RT (Russia Today) сувгийн хоёр ажилтныг буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Оросын суртал нэвтрүүлгийн зорилго нь АНУ-ын нийгэм дэх улс төрийн хагарлыг гүнзгийрүүлж, Украинд үзүүлэх тусламжийг сулруулах байсныг тухайн үед албаныхан мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: Reuters