Уншиж байна ...

Дроны эд ангиудыг хууль бусаар хил давуулж байсан Оросын бизнесмэнийг АНУ-д баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 10 цаг 41 минут
iKon.MN
Зураг зураг

Дрон үйлдвэрлэхэд ашиглах боломжтой микро электроникийн эд ангиудыг хууль бусаар хил давуулж байсан Оросын бизнесмэнийг АНУ-ын эрх баригчид Флорида мужийн Сарасота хотоос Даваа гарагт баривчилжээ.

Денис Постовой гэгч энэ этгээд эд ангиудаа АНУ-ын хориг арга хэмжээг зөрчин гадаадын компаниар дамжуулан ОХУ руу гаргаж байсан гэнэ.

“Постовой нь экспортын бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх замаар микро электроник эд ангиудын эцсийн хэрэглэгчийг нуун дарагдуулж байжээ” гэж АНУ-ын хууль зүйн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тэрбээр Хонконг, Швейцар зэрэг гуравдагч улсуудаар дамжуулан экспортолж, төлбөрийг нь мөн гадаадын банкаар дамжуулан ам.доллар хэлбэрээр хүлээж авдаг байсан гэнэ.

Постовойд хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар хил давуулсан, мөнгө угаасан, хууран мэхэлсэн зэрэг нийт долоон ял тулгажээ.

Вашингтон дахь ОХУ-ын элчин сайд АНУ-ын төрийн департаментаас Постовойн баривчилгаатай холбоотой мэдээлэл хүсэж, түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Энэ оны долдугаар сард мөн Хонконгоос Орос руу зэвсэг үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой электроник эд анги гаргаж байсан Оросын бизнесмэн АНУ-ын шоронд гурван жил хоригдох шийтгэл хүлээсэн юм.

 

Эх сурвалж: AFP