Уншиж байна ...

Д.Банди: Могой харсан тухай дуудлага өгчхөөд хаяад явалгүй алба хаагчид очтол тухайн газартаа харж байхыг зөвлөе

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Суурьшлын бүсэд могой харагдах болсон талаар Нийслэлийн Байгаль Орчны Газар (НБОГ)-аас тодрууллаа. 

НБОГ-ын зэрлэг амьтан хариуцсан мэргэжилтэн Д.Банди "2019-2024 оны хугацаанд нийт 490 гаруй дуудлага бүртгэгдсэн. Үүний 40 хувийг могойн дуудлага эзэлж байна.

Хот орчимд бамбай хоншоорт буюу хортой, рашааны буюу хоргүй хоёр төрлийн могой үзэгддэг. Дуудлага мэдээллээс харахад хортой бамбай хоншоорт могой 98 орчим хувьтай орж ирсэн байна" хэмээв. 

Могой хот руу орж ирж буй шалтгаан: 

Энэ талаар "Зуслангийн бүсээс зөөвөрлөгдөх эсвэл үерийн усаар урсаад суурьшлын бүс рүү орж ирж байгаа. 

Зуны улиралд хөдөө хээр аялж зугаалж яваад ирсэн хүмүүсийн автомашины моторын хэсэгт эсвэл ачаа тээшинд дайгдаж ордог. Улмаар ихэнх дуудлага мэдээлэл авто гарааш, авто зогсоолын хэсэгт байна гэж ирдэг" гэв. 

Могой харсан бол хаашаа хандах вэ?

Могойтой холбоотой дуудлагыг

  • Ажлын цагаар Нийслэлийн Байгаль Орчны Газрын 72720303
  • 24 цагаар Нийслэлийн Шуурхай Удирдлагын Газрын 11310005 дугаарт залгаж өгөх боломжтой.

Санамж:

Иргэд могой харсан тухайгаа дуудлага өгчхөөд хаяад явчхаж болохгүй. Яагаад гэвэл дуудлага авсан алба хаагчид очиход могой аль хэдийн алга болсон байдаг. 

Тиймээс аль болох алдаж явуулахгүй харж байх хэрэгтэй. Ингэхийн тулд

  • Боломжтой бол дээр нь сав тавих
  • Хайрцгаар бүтээх
  • Бүр боломжтой бол хүрз, урт модоор өөр сав руу хийж, таглахыг зөвлөж байна.

Бамбай хоншоорт могой, рашааны могой хоёр сүүлээрээ ялгаатай.

Зөвлөмж: 

Бамбай хоншоорт могой нь тухайн хөхтөн амьтныг хордуулж, муужруулаад хооллодог амьтан. Нас бие гүйцсэн хүнийг шууд үхэлд хүргэх хортой биш ч эрүүл мэндэд эрсдэл учруулдаг. 

Хөдөө гадаа яваад ирсэн бол машинаа үзэж шалгах хэрэгтэй. Машин тэрэгнээс айлын хашаанд орж ирсэн дуудлага ч байдаг. Могой өөр тийш шилжих тохиолдол их бий.