Уншиж байна ...

Мария Хорева: Монголчууд гоё загварлаг хувцасладаг юм байна. Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл үзэсгэлэнтэй харагдлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 12
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Ballet Gala Stars" сонгодог урлагийн дэлхийн шилдэг бүжигчдийн тоглолт есдүгээр сарын 14-ний өдөр 14:00, 19:00 цагт "The Corporate Hotel and Convention Centre"-д зохион байгуулагдах аж.

Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.

Тоглолтын зохион байгуулагч У.Бат-Эрдэнэ "ОХУ-ын алдарт Марийнский театрын балетчид манай улсад хүрэлцэн ирсэн байна. Тус театрын бүжигчид бусад орны балетаас ялгаатай, хүний сэтгэл зүрхэнд хүрч чаддаг. Балет гэх нарийн мэргэжлийг яг утгаар нь үзүүлдэг, хүмүүсийг уярааж, уйлуулдаг юм.

Монголчууд хүүхдийнхээ авьяасыг мэдэхгүй алдчихдаг тохиолдол бий. Таны хүүхдүүд энэ хүмүүсийг үзэж, омогшиж, ирээдүйд Монголоос балетын од төрөөсэй гэсэн үүднээс уриалмаар байна. Бүжигчид маань замналынхаа оргил үе дээрээ явж байгаа учраас маш гайхалтай зүйлийг үзүүлж чадна.

Бид дэлхийн шилдэг бүжигчдийг эх орондоо авч ирж нэг өдөрт хоёр тоглолт хийх гэж буйд баяртай байна. Хамгийн гол нь балет бүжгээр хичээллэдэг хүүхдүүддээ сайн үзүүлээрэй" хэмээн ярив.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн ОХУ-ын "Марийнский театр"-ын тэргүүн гоцлооч, балетын од Мария Хорева хэвлэлийн хурлын үеэр "Би Монголд ирсэндээ маш их баяртай байна. Та бүхний хүлээн авалт надад маш таатай байлаа.

Монголд ирээд удаагүй ч хүмүүс нь гоё загварлаг хувцасладаг юм байна. Эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл, хувцас, үс гэзэг нь үзэсгэлэнтэй харагдлаа. 

Балетын бүжигчид бид үзэсгэлэнтэй сайхан зүйлийг хүмүүст хүргэхийг хүсдэг. Үзэсгэлэнтэй сайхан зүйлийг үзээд түүнийгээ тайзан дээрээс хүмүүст хүргэдэг гэсэн үг.

Би хамтрагчтайгаа Хунт нуурын цагаан хунгийн хэсгийг бүтээж байгаа. Би бүжиглэж байсан балетаасаа Хунт нуурын цагаан хунгийн хэсэгт хамгийн их дуртай. Монгол, Орос хүмүүс нэг үсгээр бичдэг шиг тоглолт маань сайхан болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн Мария Хоревагийн хамтрагч Раманбек Бейшеналиев "Монголын байгаль надад маш их таалагдлаа. Би Киргизстан улсын иргэн учраас Монголын байгаль нутгийг минь санагдуулж байна. 

Би Мария Хореватай хамтарч Хунт нуурын цагаан хунгийн нэгэн хэсгийг бүжиглэнэ. Бидний тоглолт сайхан болно гэж найдаж байна. Балетчидын хэл бол бүжиг байдаг. Тиймээс хэлэх гэсэн бүх үгээ бүжгээр илэрхийлэх болно" хэмээн ярилаа. 

Уг тоглолтод ХБНГУ-ын "Штаатс Опера", АНУ-ын "Американ Балет театр"-ын тэргүүн гоцлооч Данил Симкин, Унгар улсын үндэсний театрын тэргүүн гоцлооч дэлхийн од, Татьяана Мельник, ОХУ-ын "Марийнский театр"-ын тэргүүн гоцлооч Мария Хорева, Раманбек Бейшеналиев, ОХУ-ын "Станиславский, Немирович Данченко нэрэмжит театр"-ын гоцлооч Тайга Кодома-Помфрет, БНСУ-ын "Үндэсний балет театр"-ын гоцлооч Мин Со Жон, ОХУ-ын "Марийнский театр"-ын тэргүүн гоцлооч Елена Свинко, Максим Изместьев, Казахстан улсын "Астана Опера театр"-ын тэргүүн гоцлооч Адамжан Бахтияр, АНУ-ын Нью-Йорк Сити Балет, Аргентин улсын "Театро Колон"-ы тэргүүн гоцлооч Ана София Шеллер нар оролцох аж.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав