Уншиж байна ...

Росатомын хэрэгжүүлж буй Турк улсын анхны цөмийн цахилгаан станцын төсөл Германы хоригийн улмаас саатжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Турк улсын анхны цөмийн цахилгаан станцын төслийг Оросын төрийн өмчит Росатом компани хэрэгжүүлж байгаа юм.

Гэвч Германы Siemens Energy компани уг төсөлд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлээгүйгээс төсөл саатаад байгаа талаар Туркийн албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Нийлүүлэлт зогссон нь Украины дайны улмаас хэрэгжүүлсэн Өрнөдийн эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотой гэж Туркийн тал үзэж байна.

Одоо Росатом компани орлуулах тоног төхөөрөмжийг Хятадаас авахаар ажиллаж байгааг Туркийн эрчим хүчний сайд Алпарслан Байрактар мэдээлжээ.

“Өөр сонголт бий. Росатом шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Хятадын компаниудаас захиалсан” гэж Байрактар хэлснийг Анадолу агентлаг уламжилсан байна.

Үүний улмаас станцын эхний реакторын ажиллаж эхлэх хугацаа нэлээд хэдэн сараар хойшилж байгаа гэнэ.

Туркийн тал үүргээ биелүүлээгүй Siemens компанийг шийтгэх арга замыг судалж байгааг Байрактар бас ярьжээ.

Росатом компани хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Газар дундын тэнгисийн эрэгт оршдог Туркийн Мерсин мужийн нутагт Аккую цөмийн цахилгаан станцыг байгуулж байгаа юм.

Станцын эхний реакторыг 2023 оны эхээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байжээ.

Энэ оны долдугаар сард Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган төсөлд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг Германаас авах боломжгүй байгаа талаар ярьж байв.

“Энэ асуудал бидний санааг нэлээд зовоож байна. Би Германы канцлер Олаф Шольцтой уулзахдаа энэ асуудлыг хөндсөн” гэж Вашингтонд болсон НАТО-гийн дээд чуулганаас буцаж ирснийхээ дараа Эрдоган сэтгүүлчдэд мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: Reuters