Уншиж байна ...

McDonald’s компанийн Япон дахь салбар ажиллах хүч татахын тулд үсний өнгөнд тавьдаг шаардлагаа цуцалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хүний нөөцийн дутагдлаа нөхөх зорилгоор дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ ресторан McDonald’s-ийн Япон дахь салбар ажилчдын үсний өнгөнд тавьдаг шаардлагаа цуцалж байгааг өчигдөр зарлажээ.

Өмнө нь тус компани ажилд орох хүмүүст үсний өнгө нь “төрөлхийн” байх шаардлага тавьдаг байсан юм.

Тус компани шинэ дүрмээ Осака хотын салбарт туршиж үзэхэд ажилд орохыг хүсэгчдийн тоо жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн гэнэ.

Тиймээс одоо бүх салбарууддаа хэрэгжүүлж байгаа юм байна.

McDonald’s өмнө нь 2021 онд ажилчдынхаа биеэ авч явах байдалтай холбоотой дүрмээ өөрчилж, сахал ургуулахыг зөвшөөрч байжээ. Энэ нь ажилчдын шашин шүтлэг зэрэг өөр хэд хэдэн шалтгаантай холбоотой байсан гэнэ.

Ер нь сүүлийн жилүүдэд Японд ажиллах хүчний хомсдол үүссэн тул үйлчилгээний компаниуд ажилчдынхаа хувцаслалт, харагдах байдалтай холбоотой дүрэм журмуудаа зөөлрүүлж эхлээд байгаа.

Тухайлбал Starbucks Coffee Japan компани ажилчдадаа өөрийн сонголтоор чөлөөтэй хувцаслахыг зөвшөөрдөг болсон. Food & Life Companies Co компани өөрийн Sushiro сүлжээ рестораны ажилчдын хувцаслалтад тавьдаг шаардлагаа бас цуцалжээ.

 

Эх сурвалж: Kyodo News