Уншиж байна ...

Ц.Раднаа: Өөрийнхөө бие бялдарт зориулж хоол хүнсээ зөв тохируулах нь амжилтад хүрэхийн гол нууц юм

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шведэд наймдугаар сарын 13-25-нд болсон хөнгөн атлетикийн ахмадын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс гавьяат тамирчин Ц.Раднаа уртын харайлт болон гүйлтийн таван зайн уралдаанд түрүүлж, нийт зургаан алтан медаль хүртсэн байна. 

Үүнтэй холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооноос Ц.Раднаа гуайг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн түүний оролцох тэмцээнүүдэд дэмжлэг үзүүлэхээ тус хорооноос албан ёсоор мэдэгдэв. 

Энэхүү арга хэмжээний дараа дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Раднаа амжилтад хүрэхэд гол нөлөө үзүүлсэн арга ухааныхаа талаар хуваалцлаа. 

Тэрбээр "Би 1966 онд Багшийн дээд сургуулийн Биеийн тамирын факультетыг төгсөж Өмнөговь аймагт биеийн тамирын багшаар ажилласан. 

Монголын ард түмэн намайг дэмждэгт баярлалаа. Ард түмнийхээ эрч хүчинд өдий зэрэгтээ явж байгаа хэмээн бэлгэшээдэг.

Би өглөө бүр Туул голын далан дээгүүр 3-5 км гүйж, өдөр нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж бэлтгэлээ хангадаг. 100 м, 200 м, 400 м, 800 м, 1,500 м, гурван метрийн харайлт юм уу алхалттай гүйлтийн төрлөөр тэмцээн, уралдаанд оролцож байгаа. 

Энэ төрлүүдээр бэлтгэлээ тасралтгүй хийж байсны ач гавьяа гарсан гэж би ойлгодог. Хүн хөдөлмөрлөж, хөдөлж л байвал амжилт ирдэг гэдгийг залуу, хойч үе минь ойлгоорой. 

ДАШТ-ий үеэр зургаан удаа төрийн дууллаа эгшиглүүлэх сайхан байсан. Би эрүүл чийрэг урт удаан наслахын тулд өдөр бүр бэлтгэлээ таслахгүй хөдөлмөрлөж, хөдөлж явна.

Хүн хөдөлгөөнтэй байвал эрүүл чийрэг амьдардаг. Хөдөлгөөнгүй суугаад байвал таргалж, бие бялдар нь сулардаг. Тиймээс өглөө бүр эрт босож, алхаж байх ёстой. Өглөө удаан унтах нь их буруу, өөрийгөө уруу татаж байгаа гэсэн үг. 

Хоол ундаа зөв тохируулах хэрэгтэй. Архи ууж, тамхи татаж болохгүй. Өлсөж байна гээд хоолыг их хэмжээгээр бүү идээрэй. Өөрийнхөө бие бялдарт зориулж хоол хүнсээ зөв тохируулах нь амжилтад хүрэхийн гол нууц юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Би 2019 онд Польш улсад болсон ДАШТ-ий 400 метрийн гүйлтэд оролцож, дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Үүнээс хойш тасралтгүй ахмад мастеруудын тэмцээнд тогтмол оролцож байна. 

Ахмад мастеруудын дэлхийн аваргад амжилт үзүүлсэн хүмүүсийн түүхийг судалж үзсэн. Тус судалгаандаа үндэслэж өөрийнхөө амжилт гаргах төрлийг сонгон, хичээллэж эхэлсэн. Ийнхүү миний зорилго биелж, ДАШТ-ээс зургаан алтан медаль хүртлээ. Ахмад настнуудын олимп дөрвөн жилд нэг удаа болдог. Энэ тэмцээнд 95 настай үедээ оролцох болов уу. 

Тэтгэвэрт гарсан бидний хувьд өөрөө санаачилж, дайчилж явахгүй бол дасгалжуулагч байхгүй. Тиймээс би өөрийгөө үргэлж дайчилдаг, амралтын хоёр өдөр л амардаг. Миний том хүү Украин улсын биеийн тамирын дээд сургууль төгсөж ирсэн учраас надад зөвлөгөө өгч байгаа" хэмээн ярив.