Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

2024 оны улсын төсвийн тодотголын талаарх эдийн засагчид болон Сангийн Яамны БАЙР СУУРЬ

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас мега төслүүдээ хөдөлгөе гэх нэрийн дор 2024 оны улсын төсвийг гурван их наяд төгрөгөөр тодотгож, зарим хуульд өөрчлөлт оруулахаар төслүүдээ Улсын Их Хурал(УИХ)-д наймдугаар сарын 12-нд өргөн бариад буй.

Үүнийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм. 

2024 оны төсвийн тодотголд туссан онцлох өөрчлөлтийн талаар ТОДОТГОЛ: Хамтарсан Засгийн газрын сайд нар татвар төлөгчдөөс ₮1.9 их наядыг төсөвтөө нэмж авна нийтлэлээс унших боломжтой.

Хүн бүрийн анхаарвал зохих төсвийн тодотголын талаар Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс санаачлан Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, эдийн засагчдыг оролцуулсан хэлэлцүүлгийг өнөөдөр Монголын Банкны Холбооны байранд зохион байгуулсан юм. 

Энэ дурдагдсан онцлох санааг түүвэрлэн хүргэе.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тэргүүн, эдийн засагч Н.Энхбаяр: Төсвийг ярихдаа хөгжлийн бодлогын асуудлыг оруулж ирсэн. Уг нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиараа эхлээд таван жилийн үндсэн чиглэлдээ суух ёстой. Түүний ард Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэж бий. Эх үүсвэрээр нь ангилаад шаардагдах мөнгөн дүнг тавьсан байгаа. Одоо яригдаж байгаа асуудлууд үүнд байх ёстой. Цахилгаан станц, төмөр зам зэрэг нь дунд хугацааны хөгжлийн бодлогын асуудал. Хэрэв хөгжлийн бодлогоо өөрчлөх гэж байгаа бол түүнийгээ эхлээд ярих ёстой. Хуульд богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг УИХ тодорхойлно гэж заасан. Ийм замаар явах ёстой.

Өргөн баригдсан тодотгол нь хөгжлийн бодлого гэдгийг бүрэн ойлгоогүй байна. Мөн Төсвийн тухай хуульд төсвийг өргөн барихдаа олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна гэж заасан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл энэ бүх тоон мэдээллийг өргөн барьсных нь дараа авсан. Гурван боть номыг манай УИХ-ын гишүүд 14 хоногийн дотор уншаад, ойлгоод санал дүгнэлтээ өгнө гэдэг бол үндсэндээ боломжгүй.

"Монгол Улсын эдийн засаг мөчлөгтэй, тэнцвэрийн динамикт гадаад хүчин зүйл маш нөлөөтэй" гэдэгтэй олон судлаач санал нэгддэг. Гэвч үүнийг тооцолгүйгээр төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтийг харахад өсөлтийг тогтвортой гэчихсэн. Эдийн засгийн өсөлтийг тооцвол 6-8 хувь гээд. Гэтэл судлаачид үүн дээр өөр байр суурьтай байгаа. Эдийн засаг 6 хувь өсөх үү, 8 хувь өсөх үү гэдгийг манай эдийн засаг өөрөө шийдэх бололцоогүй. Сүүлийн 20 жилийн хугацаанд бид гурван удаа уналтад орсон.

Эдийн засаг, бизнесийн мөчлөгөө харвал дараагийн уналтын мөчлөг их ойрхон ирсэн. Суурь судалгаанд үндэслэж аливаа асуудлыг шийдэхгүй бол богино хугацаанд хийчхээр сөрөг үр дагавартай. Том бүтээн байгуулалтыг дагаад гардаг сөрөг үр дагавар нь импортын хурдан өсөлт. Оны эхний долоон сард гэхэд манай импорт 26 хувь өссөн. 

Бүтээн байгуулалт өсөхөөр энэ нь 26 биш 30-40 хувиар өснө. Орлогын өсөлт үүнийг гүйцэхгүй бол ирэх жил манай худалдааны тэнцэл эн тэнцэж, 2026 онд хасах руу орж магадгүй. Энэ байдлыг бодолцож, бүтэн зургаар нь харж ярих ёстой.

Эдийн засагч Г.Бумчимэг: Төсөв нэлээд өндөр хувиар нэмэгдсэн. 10 гаруй хувьтай өссөн нь оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэл өндөр байсантай холбоотой болов уу гэж харж байна. Гэхдээ төлөвлөгдөөгүй зардал их орж ирсэн нь ирэх онуудад эдийн засагт эрсдэл хуримтлуулах байх. Хөрөнгө оруулалтын зардал 1.7 их наяд, урсгал зардал 1.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Томоохон төслүүдээс гадна урсгал зардал нэмэгдэх нь гэж ойлгосон. Урсгал зардлыг ингэж нэмэх нь одоогийн нөхцөлд зөв үү. 

Мөн Засгийн газар төсвийн тодотголтойгоо зэрэгцээд ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг оруулж ирсэн. Үүнд 120 их наяд төгрөгийн 149 төсөл хөтөлбөр байна. Өнгөрсөн Засгийн газар 90 их наяд төгрөгийн хөтөлбөртэй байсан. Үйл ажиллагааны хөтөлбөртөө мөнгөө тогтмол нэмж оруулаад байдаг, аль нь хэрэгжих, аль нь хэрэгжихгүй үлдэх нь тодорхойгүй. 

65 их наяд төгрөгийг улсын төсөв, төр-хувийн хэвшлийн түншлэлээр, 55 их наяд нь хаанаас санхүүжигдэх нь тодорхойгүй. Өрийг таазанд нь хүргэнэ гэвэл 20 их наяд, тэгэхээр 35 их наяд нь хувийн хэвшлээс дангаараа санхүүжигдэх мэт ойлгогдсон. Энэ бол өндөр дүн. 

Үйл ажиллагааны хөтөлбөрөө нэлээд өөдрөг, том тоогоор оруулаад ирдэг. Гэтэл тэр бүх хөтөлбөр нь хэрэгжих боломжтой эсэх нь эргэлзээтэй. 

Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо: Төсөв гурван их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь гадаад зээлийн ашиглалтыг нэмье гэж байгаа. Манай улс гадаад зээлийн ашиглалтыг хангалттай сайн байлгаагүйгээс төслүүдийн үр ашиг муулах, хойшлох үр дагавар бий болдог. Тиймээс нэг их наяд төгрөгөөр гадаад зээлийн ашиглалтыг нэмье гэж байгаа.

Урсгал зардал нэмэгдсэн хамгийн гол зүйл нь нийслэлийн газар чөлөөлөлт. Сэлбэ сэргэлтийн бүтээн байгуулалтад зориулж 600 орчим тэрбум төгрөгөөр газар чөлөөлнө. Мөн эрчим хүчний шилжилт, шинэчлэлтэд 131 тэрбум төгрөг суусан. Цагаан алт, хөдөө аж ахуйн татаас гэхчлэн нэн шаардлагатай, өвлийг давахад шаардлагатай, стратегийн бүтээгдэхүүн авахад зарим нэг төрлийн татаас нэмэгдсэн.

Доктор В.Данаасүрэн: Төслийн менежмент талаас нь яримаар байна. Санхүүжүүлэх мөнгө нь ороод ирэхэд түүнийг яаж захиран зарцуулаад, зорьсон үр дүндээ яаж хүрэх вэ гэдэгт төслийн менежмент дээрээ сайн ажиллаж чадахгүй байх шиг санагдаж байна. Мөнгийг хамгийн үр ашигтайгаар, бодит үр дүнд хүрэхийн тулд захиран зарцуулахдаа сонгон шалгаруулалтаасаа эхлээд хамгийн сайн, чанартай нь шалгарч чадсан уу, явцын үнэлгээ хийж байна уу, үнэлгээ хийх явцад алдаа гарвал залруулга хийгээд төсөл үр ашигтай дуусах боломжоор хангаж байгаа юу гэдэгт анхаарах хэрэгтэй. 

Төслийн удирдлага гэдэг зүйлийг сайтар ойлгож, явцын болон үр дүнгийн хяналтыг сайн тавиад, төсөл хэрэгжсэний дараа үр нөлөөний шинжилгээ гэж хийх ёстой ч манайд хийгддэггүй. Мөнгө авлаа, зарцууллаа, боллоо гэсэн хандлагаар хяналт сул байхаар зээлийн ашиглалт үнэхээр үр дүнд хүрэв үү гэдэгт асуултын тэмдэг үлддэг. 

Сангийн яамны Санхүүгийн бодлогын хэлтсийн дарга Л.Сонор: Олон нийтэд байгаа буруу ойлголт нь хэмжээгүй их зээл авах гэж байна гэдэг асуудал. Энэ нь өрийн таазаараа хязгаарлагдана. Оруулж ирж байгаа шинэчлэлээрээ өрийн сахилга батаа сайжруулах хоёр том заалт оруулсан.

Нэгдүгээрт Засгийн газрын өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцдог байсан аргачлалыг нэрлэснээр нь тооцдог болно. Өрийн тааз 60 хувьдаа хэвээрээ бөгөөд түүнээс дээшээ нэмэхгүй. 2023 оны эцэст манай өрийн өнөөгийн үнэ цэнээрх үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүний 39 хувьд байсан бол нэрлэсэн дүнгээрээ 44 хувь болно. Бид энэ өөрчлөлтөөр өр үүсгэж болох орон зайгаа хумьсан. Өмнө нь 20 хувьтай тэнцэх хэмжээний өр үүсгэх боломжтой байсан бол 15 хувь болгож багасгана. 

Хоёрдугаарт Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр суурь тэнцэл 2 хувийн ашигтай байх ёстой гэсэн хатуу заалт орж байна. Тэр 2 хувийн ашгаараа төсвөөс заавал өрийнхөө үндсэн төлбөрийг төлнө гэсэн хатуу заалт оруулсан. Өмнө нь орлого даваад өрийнхөө үндсэн төлбөрийг төлдөг байсан бол төсвөөс заавал төлөх ёстой гэж байгаа. Ирэх жил төсвөөс 550 сая орчим ам.долларыг авч, гадаад өрөө төлнө.

 Засгийн газраас онцолсон 14 мега төсөл:

Д/д

Төслийн нэр

Хүрэх үр дүн

1.

“Гашуунсухайт-Ганцмод”,“Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал

  • Экспортын хүчин чадал 40 сая.тн хүртэл нэмэгдэнэ. (Гашуунсухайт-Ганцмод 20 сая.тн, Ханги-Мандал 10 сая.тн, Шивээхүрэн-Сэхээ 10 сая.тн)
  • Экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

2.

Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц

  • Жилд 3150.0 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Оюутолгойн өсөн нэмэгдэх 2,242.5 сая кВт.ц хэрэглээ болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүсийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ.
  • Оюутолгой ХХК-ийн БНХАУ-аас импортолж байгаа 110-120 сая ам.долларын вальютын урсгалыг зогсооно.
  • Барилга угсралтын явцад давхардсан тоогоор 2000, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болно.

3.

Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц

  • Жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь найдвартай, тасралтгүй хангах боломж бүрдэнэ.
  • 52,000 ахуйн хэрэглэгчийг хангах эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болж, баруун аймгуудын 4,430 аж ахуйн нэгж, 5,400 орон сууц, 36,000 гаруй гэр хорооллын хэрэглэгчийг дотоодын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангана.
  • ОХУ, БНХАУ-аас жил бүр импортоор авч байгаа 17.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ.

4

Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц

  • Эрчим хүчний системийн найдвартай, тогтвортой, шуурхай ажиллагааг хангаж, системийн эх үүсвэрийн зохистой харьцааг бүрдүүлнэ.
  • ОХУ-д жил бүр төлдөг 25 сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэнэ.
  • Түүхий нүүрсний хэрэглээг жил бүр 438,7 мянган тонноор, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 709 мянган тонноор бууруулна.
  • 5.7 тэрбум шоо метр цэвэр усны нөөц бүрдүүлж, Монгол Улсын усан хангамжийн аюулгүй байдлыг хангана.

5.

Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр

  • Монгол Улс нь судалгаагаар 2,600 гВт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон бөгөөд шинээр эх үүсвэрүүдийг бий болгох замаар өсөн нэмэгдэж буй дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх, бусад улс руу экспортлох боломжтой.
  • Сэргээгдэх эрчим хүчний салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдэхээс гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс хүчлийн хийн (carbon credit) арилжаанд оролцож, нэмэлт орлого олох боломж нээгдэнэ.

6.

Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам

Хэрлэн-Тооно усан цогцолбор:

  • Хэрлэн голын олон жилийн дундаж урсацын 5-9%-ийг битүү хоолойгоор дамжуулан Хэнтий, Чойр, Дорноговь, Өмнөговь аймгийн хүн ам, мал аж ахуй, үйлдвэр, уул уурхайн усны хэрэгцээг бүрэн хангана.
  • Жилдээ 30 мян.тн хүлэмжийн хийг бууруулна.
  • “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд усны асуудлыг шийдвэрлэж, цөлжилт, хуурайшилтыг сааруулна.

Орхон-Онги усан цогцолбор:

  • Онги гол болон Улаан нуурыг сэргээж, усны төвшин тогтворжиж, нийгмийн хувьд Онги голын дагууд оршин сууж буй 29.2 мянган хүн ам, 230 гаруй мянган толгой мал сүргийг гадаргын усаар хангах нөхцөл бүрдэнэ.
  • Агаар, хөрсний чийгшил, газрын доорх усны тэжээгдэл нэмэгдэж, нуурын орчны бүсийн экосистем, биологийн олон янз байдал сэргэж, хөрсний элэгдэл эвдрэлд орох нөхцөл багасаж, цөлжилтийг бууруулна.

7.

Эрээнцав-Чойбалсан-Баруун Урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам

  • Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах ач холбогдолтой.

8.

Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станц

  • Үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 2,500 тонн ураныг олборлож экспортолно.
  • Төсөл хэрэгжих хугацаанд улс, орон нутгийн төсөвт нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлөх тооцоотой.
  • Үйлдвэрлэлийн туршилтын төсөл дээр үндсэн үйлдвэрлэлийн олборлолт эхлэхэд 1,000 гаруй ажлын байр бий болно. Улс, орон нутгийн хэмжээнд томоохон хэмжээний худалдан авалт хийж, бизнесийн боломж нэмэгдэнэ.

9.

Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор

  • Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхийн эдийн үнээс хараат байдлыг бууруулах боломж бүрдэнэ.

Кокс-химийн үйлдвэр:

  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн 1 дүгээр шатанд 10 сая тонн коксжих нүүрсийг угааж, 5.4 сая тонн баяжуулсан нүүрс, 3 сая тонн завсрын бүтээгдэхүүн (мидлинг) үйлдвэрлэнэ.
  • 2.7 сая тонн баяжуулсан нүүрсийг боловсруулж, 2 сая тонн хатуу кокс, 107 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ.
  • Дотоодын хэрэглээнээс илүү гарсан 1.5 сая тонн коксын бүтээгдэхүүнийг экспортолно.

Алтанширээт ҮТП:

  • 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орно.

10.

Зэс боловсруулах цогцолбор

  • Жилд 560 мян.тн зэсийн баяжмал боловсруулж, 125 мян.тн катодын зэс, 72 кг алт, 38.2 тн мөнгөн гулдмай болон 182 мян.тн элементийн хүхэр үйлдвэрлэж, 1.1 тэрбум ам долларын борлуулалтын орлогыг бүрдүүлнэ.
  • Катодын зэсийн үйлдвэр нь дотоодын зэс утас, кабель, цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэх салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ.
  • Үйлдвэрээс гарган авах 182 мянган тонн элементийн хүхэр нь химийн болон бордооны үйлдвэрлэлд өргөн ашиглагдах тул нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлнэ.

11.

Гангийн үйлдвэр

  • Дотоодын тасралтгүй нэмэгдэж буй ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилтын хүрээнд 1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
  • Гангийн үйлдвэрийг ашиглалтад оруулж эхний ээлжид 500 мян.тн ширэм, 500 мян.тн ган бэлдэц үйлдвэрлэж, ган бэлдцээс барилгын арматур, булан төмөр, төмөр утас зэрэг ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын барилгын арматурын хэрэгцээг бүрэн хангана.

12.

Газрын тос боловсруулах цогцолбор

  • Жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах боломж бүрдэнэ. Ингэснээр импортын хараат байдлыг бууруулах, шатахууны үнийг бие даан уян хатан зохицуулах боломж бүрдэнэ.

13.

Оюу толгой төсөлд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэр

  • Жилд гадаад орны алт цэвэршүүлэх үйлдвэрт цэвэршүүлж, мөнгөжүүлдэг алтны 70 хувийг дотооддоо цэвэршүүлэх боломж бүрдэнэ.
  • Баяжуулсан алтны хувийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд борлуулж, валютын орлогыг нэмэгдүүлэх боломжтой.
  • Монгол Улс алтаа одоог хүртэл гадаад орнуудад цэвэршүүлж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор үүнтэй холбогдон гарах тээвэр, даатгал, хамгаалалтын зардал хэмнэгдэнэ.

14.

Үндэсний хиймэл дагуул

  • Монгол орны нийт газар нутгийн 26.8 хувьд 4G сүлжээ нэвтэрсэн. Үлдсэн 73.2 хувь буюу орон нутгийн иргэд, малчин айл өрхийг шилэн кабелиар интернет сүлжээнд холбоход шаардлагатай 29.0 их наяд төгрөгийг хэмнэж, улс орны өнцөг булан бүрд интернетийн сүлжээ нэвтэрнэ.
  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюул, ослын үед газрын сүлжээнд саад доголдол гарсан тохиолдолд сансрын холбооны сүлжээ нь найдвартай холбооны сүлжээ болно.