Уншиж байна ...

Apple компани Европын iPhone хэрэглэгчдэд App Store устгахыг зөвшөөрдөг болно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны орнуудын iPhone, iPad хэрэглэгчдэд App Store, Safari зэрэг апликэйшнүүдийг устгахыг зөвшөөрдөг болох гэж байгаагаа Apple компани өчигдөр өөрийн хөгжүүлэгчдэд мэдэгджээ.

Apple компанийн хувьд олон жилийн турш App Store онлайн дэлгүүрийг өөрийн бүтээгдэхүүнүүдэд аппликэйшн болон контент суулгах цорын ганц гарц болгосоор ирсэн юм.

Гэвч Европын Холбооны эрх баригчдын баталсан шинэ хуулийн дагуу үүнийгээ өөрчлөхөөс өөр аргагүй болоод байна.

“App Store, Messages, Camera, Photos, Safari аппликэйшнүүдийг Европын Холбооны хэрэглэгчид устгах боломжтой болно. Зөвхөн Settings болон Phone аппликэйшнүүд устгагдахгүй хэвээр үлдэнэ” гэж Apple компани хөгжүүлэгчдэд зориулсан хуудсандаа мэдээлжээ.

Мөн броузер, мессэж, утасны дуудлага зэргийн анхны тохиргоог (default settings) өөрчлөх тусгай боломжийг iPhone, iPad төхөөрөмжүүдэд нэмэхээр болсныг дуулгасан байна.

Европын Холбооны баталсан DMA (Digital Markets Act) хуулийн дагуу дээрх өөрчлөлтүүдийг нэвтрүүлэхээр болжээ.

Ингэснээр хөгжүүлэгчид өөрийн аппликэйшнийг зөвхөн App Store дэлгүүрээр дамжуулж түгээхгүй, бас Apple-ийнхаас өөр төлбөр тооцооны систем ашиглан орлогоо цуглуулах боломжтой болох гэнэ.

Уг шинэчлэлтийг ирэх намраас хэрэгжүүлэхээр болжээ.

Apple компанийн шинэчлэлт DMA хуульд нийцэж буй эсэхийг хэрэгжсэнийх нь дараа шалгахаа Европын Холбооны шударга өрсөлдөөнийг зохицуулах гол байгууллага Европын Комисс мэдэгдсэн байна.

Хэрвээ хуулийг зөрчсөн нь тогтоогдвол их хэмжээний мөнгөн торгуулиар шийтгэх юм.

Зөвхөн Apple биш, Alphabet, Amazon, Meta, Microsoft, TikTok зэрэг технологийн томоохон компаниуд Европын зах зээлд өрсөлдөхдөө DMA хуулийг дагах ёстой болоод байгаа.

Илон Маскийн Х сошиал платформын ажиллагаа DMA хуульд нийцэж буй эсэхийг Европын Комисс одоо шалгаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP