Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Катерин Вест: Монгол, Их Британи улс нэн түрүүнд агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн яамны Энэтхэг-Номхон Далайн Бүс нутаг хариуцсан сайд Катерин Вест манай улсад наймдугаар сарын 22-23-нд айлчилж байна. 

Энэ хугацаандаа тэрбээр "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-д оролцохын зэрэгцээ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Боловсролын сайд П.Наранбаяр нартай уулзан хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөсөн. 

Анхны гадаад айлчлалаа манай улсад хийж буй хатагтай Катерин Весттэй түр ярилцсанаа хүргэе.

- Манай улсад айлчилж буй танд талархал илэрхийлье. Та энэхүү айлчлалынхаа хүрээнд ямар ажлууд төлөвлөж байна вэ. Айлчлалаас хүлээгдэж буй үр дүн юу вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.

- Энэтхэг-Номхон далайн бүсийг хариуцсан сайдын ажлаа авснаас хойших анхны айлчлалаа Монгол Улсаас эхэлж буйдаа туйлын баяртай байна. Энэ нь Их Британи улс Монгол Улсын гуравдагч хөрш гэдэгтээ чухал ач холбогдол өгч буйг харуулж байна. Их Британи улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон анхны барууны улс бөгөөд бид ардчиллын түнш улс байсаар ирсэн.

Миний айлчлалын гол зорилго бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Ногоон ирээдүйн төлөө" сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтад оролцох юм.

Тус чуулга нь Монголын болоод олон улсын эмэгтэй манлайлагчид, шийдвэр гаргагч нартай уулзаж  жендэрийн тэгш байдлыг дэмжих, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх талаар хэлэлцэж, илүү шударга, эрх тэгш нийгмийг цогцлоох гаргалгаа гарган шилдэг туршлагыг солилцох гайхалтай боломж хэмээн харж байна. Засгийн газар ажил үүргээ гүйцэтгэхдээ жендэрийн мэдрэмжтэй байх нь маш чухал. Аль ч улс орон хүн амынхаа талыг эзэлдэг эмэгтэйчүүдийнхээ нөөц бололцоо, ур чадварыг ашиглахгүйгээр хөгжихгүй.

Мөн айлчлалын үеэр Британи-Монголын хамтарсан зорилтуудыг ахиулах зорилготой байна. Энэ жилийн дөрөвдүгээр сард Монгол, Британийн харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чиглэсэн замын зураглалд гарын үсэг зурсан бөгөөд үүн дээр үндэслэн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх олон салбар байна.

Британи компаниуд Монголд амжилттай хөрөнгө оруулсаар ирсэн. Манай улс Монгол Улстай ховор металл, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц болон боловсролын салбарт хамтран ажиллаж ‘’Их Британийн Хөгжлийн Хөтөлбөрийн’’ түнш улс байна гэдэгт найдаж байна. Монголын ховор металлын нөөц нь цэвэр эрчим хүчинд шилжихэд гол үүрэг гүйцэтгэх боломжтой.

зураг
 

- Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцэлд өнөөг хүртэл ямар үр дүн гарсан гэж та үздэг вэ. Мөн цаашид хэрхэх нь зүйтэй вэ?

- Охид боловсрол эзэмших, сургууль завсардахгүй байхын тулд олон саад бэрхшээл туулдаг бөгөөд энэ байдал нь хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмээс тусгаарлагдмал байдаг бүлгийнхэнд маш хүнд асуудал байдаг. Эдгээр зарим саад бэрхшээлүүд нь жендэрийн хэвшмэл ойлголтоос үүсэлтэй байдаг. Жишээлбэл охид ар гэрийн ажил багаасаа хийх эсвэл хөвгүүдийг илүү боловсролтой байлгах ёстой гэж үздэг гэх мэт. Мөн охидыг эрт гэрлүүлж, хүүхэд гаргуулснаар боловсрол эзэмших боломжийг хаах үзэгдэл их байна.

Охид боловсрол эзэмших нь зөвхөн диплом авах биш юм. Боловсрол нь хувь хүнээс эхлээд гэр бүл, нийгэмд өөрчлөлтийг авчирдаг

Их Британи улс дэлхийн өнцөг булан бүрийн охидод зохистой боловсрол эзэмшүүлэхийг дэмжин ажилладаг. Охидод боловсрол эзэмшүүлэх нь бид бүгдийн өмнө тулгарч буй асуудал бөгөөд жендэрийн тэгш байдлыг хангахад хамгийн их ахиц авчрах юм.

- Монгол Улсын хувьд 2024 оны сонгуулиар хууль тогтоох дээд байгууллага парламентын гишүүдийн 32 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлэхээр болсон нь том амжилт. Гэхдээ сонгуулийн үеэр эмэгтэйчүүдэд чиглэсэн тусгай мессэж хэрэгтэй байгааг олон улсын шинжээчид хэлж байлаа. Их Британид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар арга хэмжээнүүд байдаг вэ?

- Манай Засгийн газар мөрийн хөтөлбөрийнхөө цөмд эмэгтэйчүүд, тэгш эрхийг тавьдаг бөгөөд үүний нэг чухал хэсэг нь шийдвэр гарах шатанд эмэгтэйчүүдийг оролцоог нэмэгдүүлэх юм.

Бид "Тэгш байдлын тухай" хуулийн 106 дугаар хэсгийн дагуу улс төрийн намуудаас сонгуульд нэр дэвшигчид жендэрийн харьцааг хангаж байгаа эсэх талаарх мэдээллээ олон нийтэд ил болгох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ ч байнга биелүүлдэг.

Аль ч улс орон хүн амынхаа талыг эзэлдэг эмэгтэйчүүдийнхээ нөөц бололцоо, ур чадварыг ашиглахгүйгээр хөгжихгүй

Манай Засгийн газрын Шадар сайд, Дотоод хэргийн сайд болон Сангийн сайд (анхны эмэгтэй сангийн сайд) нар нь эмэгтэйчүүд байгаа нь үнэхээр бахархууштай. Мөн бид Засгийн газрын танхим дахь төлөөллийн хувьд тэнцүү, түүхэндээ анх удаагаа хамгийн олон тооны эмэгтэйчүүд Засгийн газарт ажиллаж буй амжилттай байна. Бид энэ амжилтаа бататгаж бусад улс орнуудад ч энэ тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

- Нэг талаас эмэгтэйчүүдийг дэмжих ёстой гэдэг ч нөгөө талаас аль нэг хүйсийг дэмжих нь утгагүй бөгөөд хэн чадвартай нь албан тушаалд хүрэх нь зөв гэж үзээд байгаа. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

- Харамсалтай нь охид, эмэгтэйчүүдийг амьдралын бүхий л салбарт тэгш оролцоонд саад болж байгаа тогтолцооны саад бэрхшээлүүд байдаг. Иймээс ч бид энэ асуудалд анхаарлаа заавал хандуулах ёстой.

Охид боловсрол эзэмших нь зөвхөн диплом авах биш юм. Боловсрол нь хувь хүнээс эхлээд гэр бүл, нийгэмд өөрчлөлтийг авчирдаг.

Улаанбаатар хотын метро барихад бид хамтрах боломжтой

- Нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө тэмцсээр буй олон мянган эмэгтэйн нэг нь та шүү дээ. Та өөрийн туршлага, энэ хүртэлх замналаасаа хуваалцана уу?

- Би Сидней хотод бага насаа өнгөрүүлсэн. Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд туслах нийгмийн ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж байв. Дараа нь Хятадын Нанжин хотод Англи хэл зааж байгаад нөхрийн хамт Британи руу нүүж Хятад судлалаар магистрын зэрэг авсан. Лондон хотноо ирсэн жилдээ Хөдөлмөрийн намын гишүүн болж 10 гаруй жил Иргэдийн Төлөөлөгчдийн Зөвлөлийн гишүүн байсан.

2015 онд парламентын гишүүнээр сонгогдон сөрөг хүчний сүүдрийн Засгийн газрын сайд тэр дундаа Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн сайдаар ажиллаж байгаад одоо манай нам олонх болон энэхүү чухал бүс нутгийг хариуцах сайдын алба хаших болсондоо баяртай байна.

- Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаарх асуудалд эргэн оръё. Энэ удаагийн чуулга уулзалтаар хэлэлцэх нэг томоохон сэдэв нь уур амьсгалын өөрчлөлт. Та энэ чиглэлд идэвхтэй ажилладгийг 2024 оны зун гаргасан тайлангаас тань уншсан. Та цаашид уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад хэрхэн анхаарч ажиллах вэ?

- Уур амьсгалын хямралын эсрэг арга хэмжээ авахгүй байх нь дэлхий даяар нүүлгэн шилжүүлэлт, мөргөлдөөн, өлсгөлөнг өдөөж, байгаль орчны сүйрэлд хүргэнэ.

Манай Засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд манлайлан ажиллаж охид, эмэгтэйчүүдийг эдгээр ажилд идэвхтэй оролцуулахыг эрмэлздэг.

Бид Их Британи-АСЕАН-ы шинэ ногоон шилжилтийн сангийн тусламжтайгаар эрчим хүчний шилжилт хийхээр ажиллаж байгаа бөгөөд тус сангаар дамжуулан ногоон хөгжлийг дэмжиж, уур амьсгалын хямралд хамгийн ихээр нэрвэгдэж буй улс орнуудад дэмжлэг үзүүлнэ. Мөн удахгүй Азербайжанд болох COP29 бага хурлын үеэр бид олон улсын түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа улам бататгах боломжтой. Бид цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл анхаарлаа байнга хандуулж байна.

- Монгол Улс 2024-2028 оны Засгийн газрын бүрэлдэхүүнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг эрхэлсэн яамтай болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад манай хоёр улс хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломж их бий гэдэгт найдаж байна. Энэ талаар байр сууриа та хуваалцана уу?

- Их Британи улс уур амьсгалын хямралтай тэмцэхэд Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж байгаа улс орнуудтай хамтран ажиллаж, туршлага судлан дэлхийн хэмжээнд зохицуулалт хийхгүйгээр бид уурын амьсгалын хямралын нэн тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн ихээхэн хохирол учирсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Өвлийн улиралд Улаанбаатар хот агаарын бохирдол хэмээх томоохон асуудалтай тулгардаг. Тиймээс нэн түрүүнд агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах тал дээр хамтран ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Нэг жишээ гэвэл Улаанбаатар хотын метро барихад бид хамтрах боломжтой. Мөн байгалийн гамшигт үзэгдэл зуд, цөлжилт зэргээс үүсэх нөлөөллийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд туслах нь маш чухал болоод байна.

Монголд жилийн 270 өдөр нартай, салхи ихтэй учир сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц боломж бий. Их Британийн хувьд энэ салбарт асар их туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүдтэй. Иймээс сэргээгдэх эрчим хүчний салбарт бид хамтрах бүрэн боломжтой.

- Монгол Улсад айлчилж буйд дахин талархал илэрхийлье. Манай редакцад ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

зураг