Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Махны өндөр хэрэглээ хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар батлагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн орон орны хоёр сая орчим хүнийг хамруулсан Кэмбрижийн Их сургуулийн судалгааны ажлын тайлан өчигдөр “Lancet Diabetes & Endocrinology” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

Уг судалгаагаар мах (red meat) болон боловсруулсан махан бүтээгдэхүүний (processed meat) өндөр хэрэглээ хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байна.

Судлаачид Европ, Америк, Газар дундын тэнгисийн зүүн хэсэг, зүүн өмнөд Ази, Номхон далайн баруун хэсэгт оршдог дэлхийн 20 улсын 1.97 сая насанд хүрэгчийн эрүүл мэндийн мэдээллийг нэгтгэн боловсруулжээ.

Мах, боловсруулсан махан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгах нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээс сэргийлэхэд чухал ач холбогдолтойг уг судалгааны үр дүн батлан харуулсан байна.

Тухайлбал өдөр бүр 50 грамм боловсруулсан махан бүтээгдэхүүн (хоёр зүсэм хиамтай тэнцэнэ) тогтмол хэрэглэвэл дараагийн 10 жилийн дотор хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингээр өвдөх эрсдэлийг 15 хувиар нэмэгдүүлж байжээ.

Өдөр бүр 100 грамм мах (бага хэмжээний стэйк) хүнсэндээ тогтмол хэрэглэвэл мөн өвчний эрсдэлийг 10 хувиар нэмэгдүүлдгийг тогтоосон байна.

Харин шувууны мах ба чихрийн шижингийн хэлхээ холбоо энэ судалгаагаар тодорхой харагдаагүй тул цаашид нарийвчлан судлах шаардлагатай гэж дүгнэжээ.

Кэмбрижийн Их сургуулийн судалгааны үр дүн Их Британийн эрүүл мэндийн байгууллагын махны хэрэглээний талаар гаргасан зөвлөмжтэй бараг таарсан байна.

Их Британийн Үндэсний Эрүүл Мэндийн Алба (NHS) иргэдэд өдөрт 90 граммаас илүүгүй малын мах, гахайн мах, 70 граммаас илүүгүй зайдас, хиам, бэкон, хатаасан мах хүнсэндээ хэрэглэхийг зөвлөдөг юм.

“Энэхүү тоо баримтаас харахад мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах нь хүмүүсийг зөвхөн зүрх судасны өвчин, цус харвалтаас хамгаалаад зогсохгүй дэлхий даяар улам бүр нэмэгдэж буй хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс сэргийлэхэд тустай нь батлагдаж байна” гэж Глазгоу Их сургуулийн профессор Навид Саттар дүгнэж бичжээ.

Махны оронд хүнсний ногоо, жимс, самар, шош, вандуй түлхүү хэрэглэж, эрүүл хоолны дэглэмээ дасгал хөдөлгөөнтэй хослуулах нь үр дүнтэйг тэр зөвлөсөн байна.

Өнөөдөр дэлхий даяар 400 гаруй сая хүн хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр шаналж байгаа гэсэн тоо бий.

Уг өвчин нь харалган болох, бөөрний дутагдал, зүрхний шигдээс, цус харвалт, доод мөчний тайралт зэрэг эрүүл мэндийн олон эрсдэлийн тэргүүлэх шалтгаан болдог байна.

 

Эх сурвалж: The Guardian