Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

ИРГЭД: Алтны уурхайн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан таван аймгийн 53 сумын иргэд ундны усгүй байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 8 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өвөрхангай аймгийн "Миний мөрөн" Төрийн Бус Байгууллага болон Бат-Өлзий сумын иргэд, малчдын төлөөлөл хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тус төрийн бус байгууллагын гишүүн н.Дуламдаш "Өнөөдөр энд Орхон гол бохирдож байгаа болон Хуш модны самар бэлтгэх асуудлаар мэдээлэл хийхээр ирлээ.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй алтны уурхайн далангийн ус Орхон голын цутгалд нийлснээс болж энэ сарын 2-ноос Орхон гол бохирдож байна. Үүнээс улбаалан Монгол орны найман аймгийн нийт 53 сумаар дамжин урсдаг 1,413 км-ийн урттай томоохон гол маань аюулд өртлөө.

Үүнийг орон нутгийн байгаль хамгаалах газар, Байгаль Орчны Яам яагаад анхааралдаа авахгүй байна вэ гэдгийг гайхаж байна.

Уг бохирдолд өртсөн загас жараахайнууд үе олноороо үхэж байгааг харж болно. Мөн энэ том гол дагуу нутаглаж байгаа малчин иргэд ундны усгүй болоод удлаа. Иргэд бол өөр газраас ундны усаа зохицуулж болох ч мал нь бохирдсон усаар ундаалж, үүгээр дамжин иргэд бас хохирч байгааг анхааралдаа авах ёстой.

Энэ тал дээр ярихгүй байж болохгүй томоохон асуудал үүслээ. Яагаад Орхон голын эхэнд алтны лицензүүдийг цуцлахгүй шинээр олгоод байна вэ гэдэгт гайхаж байна" гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн тус төрийн бус байгууллагын тэргүүн А.Долгор-Өлзий "Монгол оронд маань тэнгэртээ нисэх шувуугүй, усандаа сэлэх загасгүй иргэд ихээхэн хохирч байна. Аравдугаар сарын 15-наас хуш модны самар бэлтгэнэ гэж сайдын тушаал гардаг. Гэтэл есдүгээр сард гэхэд модны самар бэлэн болсон байдаг. Иймэрхүү иргэдийнхээ амьдралтай авцалдахгүй хууль, дүрмээ хэзээ болих вэ? Тэр самрыг тэнд нь ялзруулж байхаар нэг ч гэсэн иргэн банкны зээлээ төлөөд, нэг ч гэсэн хүүхдэд оюуны хөрөнгө оруулалт болоод явж байсан нь дээр биш үү?

Тиймээс Байгаль Орчны Сайд С.Одонтуяаг өмнөх сайдынхаа тушаалыг эргэж хараасай гэж хүсэж байна.

Жирийн иргэн бидэнд ингэж хэвлэл мэдээллээр гүйгээд байх боломж хомс. Энэ ташрамд алтны уурхайнуудын лицензийг цуцлах шаардлагатай байна. Архангай аймгийнхан лиценз олгоод ашгаа авчихдаг, дамжин өнгөрдөг Өвөрхангай, Булган зэрэг аймгийн иргэд илүү хохирдог. Суварга Хайрханаас эх авч урсаж буй Орхон голын урсгал манай Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хархорин сум, Булган аймгийн Хужирт сумаар дамжин өнгөрдөг юм.

Ийм боломж олдсон дээр нь хэлэхэд Хархорин сумын цагдаагийн дарга н.Отгонбаяр, экологийн цагдаагийн албаныхан ажлаа хийх шаардлагатай байна. Борооны уснаас болж голын усны өнгө өөрчлөгдөж байна уу, өөр гаднын хүчин зүйл нөлөөлөв үү гэдгийг мэддэг болтлоо туршлагажсан байх ёстой. Тиймээс мэргэжлийнхээ ажлыг хийж чадахгүй бол ард иргэдийг хохироож, мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилдгээ болих хэрэгтэй.  

Жирийн иргэн өчүүхэн төдий хууль зөрчихөд хүмүүс их шуугилддаг. Гэтэл ийм их мөнгөтэй компанийн талаар мэдээлэл гаргахаар дарагдаад өнгөрдөг тал бий" гэлээ.