Уншиж байна ...

Этиопын хөрсний гулгалтад амь үрэгдсэн хүний тоо 500 хүрэх магадлалтайг НҮБ мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням, Даваа гарагуудад Этиоп улсын баруун бүс нутагт хөрсний томоохон гулгалт үүссэн нь 500 орчим хүний аминд хүрсэн байж болзошгүйг НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллага өчигдөр мэдээлжээ.

Ням гарагийн орой тус улсын уулархаг бүс нутаг Гофад ширүүн аадар бороо орсны дараа хөрс гулгаж эхэлсэн нь Даваа гарагийн өглөө хүртэл үргэлжилж, ойр орчмын тосгон сууриныг булшилсан юм.

Мягмар гарагийн байдлаар амь үрэгдсэн 229 хүний цогцос олдсоныг Этиопын гамшгийн эрсдэлийг удирдах үндэсний төв мэдээлжээ.

Хөрсний гулгалт цааш үргэлжлэх төлөвтэй байгаа тул 15,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатайг мөн мэдээлсэн байна.

Аврах ажиллагаанд оролцож буй нутгийн иргэд лаг шаврыг нүцгэн гараараа ухаж байгааг харуулсан гэрэл зургууд Гофагийн захиргааны фэйсбүүк хуудсанд нийтлэгджээ.

Амьд үлдсэн хүмүүсийн нэг Цеганеш Оболе толгодын дээрээс гулссан шавар богино хугацаанд гэр бүлийнхнийг нь “залгисан” тухай хэвлэлд ярьсан байна.

Түүний зургаан хүүхдийн дөрөв нь амиа алдаж, нөхөр нь сураггүй болжээ.

Гофа нь Өмнөд Этиоп мужийн алслагдсан бүс нутаг юм. Дөрвөөс тавдугаар сарын хугацаанд энэ нутагт усархаг аадар бороо орсны улмаас үер буухад дэд бүтэц ноцтой сүйдэж, мянга гаруй хүн орон гэргүй болж байжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн ард иргэдэд эмгэнэл илэрхийлсэн байна.

“НҮБ болон түүний хамтрагчид гамшгийн хохирлын хэмжээг тооцоолох, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээг тодорхойлох асуудлаар Этиопын засгийн газартай нягт хамтран ажиллаж байна. НҮБ-ын харьяа байгууллагууд хоол хүнс, эрүүл мэндийн болон бусад шаардлагатай тусламжийг хөрсний гулгалтад нэрвэгдсэн ард иргэдэд илгээхээр ажиллаж байна” гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ.

Дорнод Африкийн Этиоп улс нь ган гачиг, үер зэрэг байгалийн гамшгийн бусад эрсдэлд өртөмхий бүс нутаг юм.

2016 онд өмнөд Этиопын Волайта дүүрэгт усархаг борооны дараа хөрс гулгахад 41 хүний амь үрэгдэж байв.

2017 онд нийслэл Аддис Абаба хотын захад орших хог хаягдлын их овоо борооны дараа нурах үеэр 113 хүн амиа алдаж байжээ.

Африк тивийн хэмжээний хамгийн олон хохирогчтой хөрсний гулгалт 2017 оны наймдугаар сард Сьерра Леоне улсад болоход 1,141 хүний амь үрэгдэж байв. Уганда улсын зүүн хязгаарт 2010 оны хоёрдугаар сард хөрсний гулгалтаар 350 гаруй хүн амиа алдаж байжээ.

 

Эх сурвалж: AFP