Уншиж байна ...

ПАРИС 2024: БНСУ-ын харваач Лим Си Хён дэлхийн дээд амжилт тогтоолоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Өнөөдөр нээлтээ хийсэн байт харвааны эмэгтэйчүүдийн урьдчилсан, чансаа тогтоох харваанд БНСУ-ын тамирчид тэргүүллээ.

Дэлхийн чансааны №2-д жагсаж буй БНСУ-ын харваач Лим Си Хён урьдчилсан харваанд 694 оноо авснаар дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Өмнөх рекордыг түүний нутаг нэгт Кан Чэ Ён 2019 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ чансаа тогтоох харваанд 692 оноо авч байв.

Түүний ард БНСУ-ын Нам Сү Хён 688 оноо авч, хувийн дээд амжилтаа тогтоожээ. 

Олимпын анхны рекорд амжилтыг тогтоосон Лим Си Хёнтой эхний тойрогт Пуэрто Рикогийн Алондра Ривера оноолт таарлаа. Тэрбээр чансаа тогтоох харваанд 547 оноо авснаар 64-т жагссан юм.

Байт харваагаар дэлхийд тэргүүлдэг өмнөд солонгосчууд энэ удаагийн олимпод залуу баг илгээжээ. Тодруулбал ДАШТ-ий мөнгөн медальт Лим Си Хён 21 настай бол нутаг нэгт Нам Сү Хён 19 настай аж.

Багийн төрөлд Өмнөд Солонгосын баг 2,046 оноо авч, олимпын рекорд амжилтыг шинэчилсэн. Ингэснээр урьдчилсан харваанд 1,897 оноо авч, 12-т жагссан Нидерландын багтай эхний тойрогт өрсөлдөх болжээ. Багийн төрөлд БНХАУ, Мексикийн шигшээ баг эхний гуравт бичигдсэн байна.