Уншиж байна ...

Вьетнамыг дайрсан далайн супер хар салхи Яги дөрвөн хүний амийг хөнөөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Энэ оны Азийн хамгийн хүчтэй далайн хар салхид тооцогдож буй Яги өчигдөр Вьетнамын хойд эрэгт газарджээ.

Бямба гарагийн өглөө уг хар салхи Хайфон, Куан Нин мужуудын нутагт хүрэх үед салхины хурд 203 км/цаг хүрснийг цаг уурын байгууллага мэдээлсэн байна.

Энэ үед хүчтэй салхинд хийссэн зүйлс барилга байшин, автомашинуудыг гэмтээж, модод үндсээрээ булгарч, нийслэл Ханой хотод эрчим хүчний хангамж тасалджээ.

Куан Нин мужид гурав, Хай Дуон мужид нэг хүний амь үрэгдэж, 78 хүн гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.

Далайд ажиллаж байсан арав гаруй загасчин сураггүй алга болжээ.

Яги хар салхи Баасан гарагт Хятадын аялал жуулчлалын том төв Хайнань арлыг дайрч өнгөрсөн юм.

Энэ үеэр гурван хүний амь үрэгдэж, 100 орчим хүн гэмтэж бэртжээ.

Гадаадын олон үйлдвэр байрладаг, хоёр сая оршин суугчтай хойд Вьетнамын эргийн хот Хайфонд цахилгаан эрчим хүч тасарч, нисэх буудал нь хаагдсан байна.

Эрэг орчмын тосгодоос 50,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, нийслэл Ханой хотыг оролцуулаад хойд бүсийн 12 мужид сургуулиуд түр хаагджээ.

Өчигдөр орон нутгийн цагаар 20:00 цагийн орчимд хар салхины хурд 102 км/цаг хүртэл буурч, төв цэг нь эх газрын гүн рүү шилжсэн байна.

зураг
 

Ням гарагийн орой Яги хар салхи Лаос улсын хойд хэсэгт хүрэх төлөвтэй байгааг цаг уурчид мэдээлжээ.

Бямба гарагийн өглөөнөөс хойш Хайфон, Куан Нин мужуудад унасан хур тунадасны нийт хэмжээ 20 см давсан байна.

Баасан гарагт Яги хар салхи Хайнань аралд хүрэхээс өмнө Хятадын эрх баригчид 400,000 хүнийг нүүлгэн шилжүүлж, төмөр зам, агаарын болон далайн тээврийг зогсоож, сургуулиудыг хаасан юм.

Хар салхины дараа тус арлын 830,000 орчим өрх цахилгаан хангамжгүй болжээ.

Энэ долоо хоногийн эхээр Яги хар салхи Филиппиний хойд хэсэгт газардахдаа 13 хүний амийг хөнөөсөн юм. Тэр үеэс хойш салхины хүч хоёр дахин нэмэгдээд байгаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас далайн хар салхины хурд, хүч улам бүр нэмэгдэж, давтамж нь ойртсон гэж судлаачид үздэг.

Эх сурвалж: BBC