Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын ерөнхий боловсролын байгалийн шинжлэх ухааны ном товхимол, сурах бичгийн агуулгын талаар судалгаа хийхээр зөвшилцжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс, БНХАУ хоёр орны боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, зүүн хойд Азийн бүс нутгийн бүтээлч эдийн засагт хувь нэмэр оруулах үлгэр жишээ олон улсын инженерийн сургуулийг хамтран байгуулах зорилго тавьжээ.

Тодруулбал Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны дэмжлэг дор Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС), БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр Монголын аж үйлдвэрийн их сургууль эхлүүлэхээр тохиролцсон төслийг үргэлжлүүлэн эрчимжүүлэх талаар Боловсролын сайд П.Наранбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан болон холбогдох бусад албан тушаалтнууд санал солилцсон байна.

Боловсролын сайдын зүгээс БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монгол Улсын 100 гаруй иргэн шинээр элсэж байгаа бөгөөд энэхүү тоог нэмэгдүүлэх хүсэлтийг БНХАУ-ын талд уламжлав.

Монгол судлалыг БНХАУ-д, хятад судлалыг Монгол Улсад хөгжүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулан хятад, монгол судлаач багш, эрдэмтдийн дунд зуны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

БНХАУ-ын ерөнхий боловсролын байгалийн шинжлэх ухааны чиглэлийн ном товхимол, сурах бичгийн агуулга, хөтөлбөр, арга зүйн талаарх эрдэм шинжилгээний судалгаа хийх тал дээр хамтран ажиллахаар зөвшилцөв.

Мөн БНХАУ-ын Элсэлтийн Шалгалтын/ЭШ/ талаар туршлага судлах хүсэлттэйг уламжилжээ.

2024 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын 6,600 гаруй иргэн БНХАУ-д, Монгол Улсад БНХАУ-ын 3,000 гаруй иргэн суралцдаг байна.

Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, БНХАУ-ын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийсний 10 жилийн ой, хоёр улс иж бүрэн стратегийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож буй аж.