“Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинбаттай мэдээллийн технологийн салбарын талаар болон тус компани нэмэлт хувьцаагаа гаргах гэж байгаа талаар ярилцлаа.
- Хүн бүр “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн талаар мэддэг хэдий ч тэр бүр нарийн мэдээлэл байдаггүй байх. Та компанийнхаа тухай товчхон мэдээллээр яриагаа эхлэх үү ?
- “Монголын цахилгаан холбоо” ХК нь анх 1921 онд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” нэрээр анх байгуулагдсан. Зуун жилийн түүхтэй, хоёр дахь зууныхаа түүхийн хуудасны эхлэлийг бичиж буй Монгол Улсын харилцаа холбооны салбарын ууган компани юм.
Одоогийн байдлаар манай компани нь МУ-ын нутаг дэвсгэрт улс, хот хоорондын цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж ажилладаг бөгөөд “Харилцаа бүрийг холбоно” гэх эрхэм зорилгын дор Улаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймаг, 230 сум сууринд 690 ажиллагсадтайгаар үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.
- Компанийн сүүлийн жилүүдийн үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгвөл?
- Манай хамт олон сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аймаг бүрд интернэтэд суурилсан үйлчилгээг 10G холболтоор хүргэж эхэлсэн. Ингэснээр эрчим хүчний зарцуулалт, ашиглалт үйлчилгээний зардал буурч, сүлжээнд хурдны хязгааргүй үйлчилгээг хүргэх нөхцөлийг бүрдүүлж интернэт үйлчилгээний урсгалын багтаамжийг дээшлүүлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, гэмтэл саатал гарах нөхцөлийг бууруулж чадлаа. Нийт орлогын хэмжээг 15%-иар нэмэгдүүлж, ажиллагсдын цалинг 54%-иар нэмсэн. Орон нутгийн салбар нэгжүүдийн техникийн үйлчилгээний автомашины парк шинэчлэлийг бүрэн хийлээ.
Бид техник, технологийн өргөтгөл шинэчлэл, сүлжээний хамрах хүрээг тэлж, шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэх зорилтыг хэрэгжүүлж, салбарын болон бусад байгууллагуудтай өрсөлдөх бус түншлэх замаар компанийн ашигт ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг дэлхийн жишигт хүргэж, үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
- Шинээр нэвтрүүлсэн томоохон арга хэмжээ төслүүдийн талаар дурдвал?
- Мэдээллийн технологийн хурдацтай хөгжилд нийцүүлсэн стратеги төлөвлөгөөний хүрээнд 2022 оноос эхлэн өндөр хурдны шилэн кабелийн FТТH технологиор суурин утас, интернэт, IPTV багц үйлчилгээг нийслэл, 21 аймгийн төв болон 30 гаруй сумын хэрэглэгчдэд хүргэн төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Мөн “бизнесийн нэр хүндийн илэрхийлэл” суурин утасны 7070-хххх брэндийг зах зээлд нэвтрүүлж, үндсэн сүлжээний тоног төхөөрөмжийг шинэчилсний үр дүнд үйлчилгээний чанар сайжран, хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, багачуудыг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 7080-хххх “Итгэлтэй утас”-ыг ерөнхий боловсролын 200 гаруй сургуульд байршуулан, цаашид улсын хэмжээнд сургуулиудыг бүрэн хамруулахаар зорилт тавин ажиллаж байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны захиалгаар салбарын компаниудтай хамтран “Боловсрол, сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байранд утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэх" төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.
- Дэлхий даяар мэдээлэл технологийн салбар хурдтай хөгжиж байна. Манай улс энэ өөрчлөлтөд дасан зохицохын тулд бодлогын ямар арга хэмжээ хэрэгтэй гэж та хувь хүнийхээ хувьд үздэг вэ?
- Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь стратегийн чухал салбар юм. ЗГ-с баталсан 2050 болон бүсчилсэн хөгжлийн бодлогууд, УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-той манай компанийн олон бизнес төлөвлөгөө огтлолцож байгаа. Төрөөс бодлогын хүрээнд манай салбарыг дэмжиж өгөх нь мэдээлэл технологийн салбарын өсөлт хөгжилтийг хамгийн ихээр хурдасгах хөшүүрэг болох юм.
Бодлогын хүрээнд R&D буюу судалгаа хөгжүүлэлтийг хийх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж ажиллах, энэ салбарт ажиллах мэргэжилтнүүдийг алсын хараатайгаар эртнээс хөрөнгө оруулалт хийн бэлтгэх хэрэгтэй.
Судалгаа хөгжүүлэлтийн зардалд илүү хөрөнгө оруулалт хийх талаар дахин дурдмаар байна. Засгийн газар судалгаа, хөгжүүлэлтэд (R&D) хөрөнгө оруулалт хийх нь технологийн дэвшил, инновацын суурийг тавьдаг. Энэхүү үйл ажиллагааг дэмжих нь эрүүл мэнд, эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг бүх төрлийн салбарт шинэ нээлт, ололт амжилтад хүргэх магадлал өндөр. Энэ төрлийн засгийн газрын санхүүжилт нь их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний хурлын тэтгэлэг, улсын төсвөөс санхүүждэг лаборатори бий болгох, шинэлэг төслүүдийг дэмжих санаачилга зэрэг олон хэлбэрээр байж болно. Ийм хөрөнгө оруулалт нь технологийн дэвшлийг хурдасгах төдийгүй хөгжүүлэлт хийж сайжруулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан нийгмийн үр өгөөжийг авчрах болно.
Хувийн хэвшлийнхэн анхны судалгаатай холбоотой өндөр зардал, эрсдэлийг үүрэх хүсэлгүй байж болзошгүй байдал энэ салбарт ажиглагддаг. Тиймээс засгийн газраас судалгаа хөгжүүлэлтийн санхүүжилтийг гаргах нь технологийн салбарт хийж буй маш чухал хөрөнгө оруулалт юм.
- Та бүхэн удахгүй Монголын Хөрөнгийн Бирж дээр өөрийн компанийн нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгох гэж байгаа гэсэн мэдээлэл авлаа. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?
- Компани нь 1995 онд “Монголын Цахилгаан Холбоо” хувьцаат компани болон байгуулагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, нээлттэй компани болсноос хойш нийт 29 жилийн хөгжлийн түүхийг Монгол Улсын хөрөнгийн зах зээлтэй хамт бичилцсэн. Өнгөрсөн саруудад бид нэмэлт нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан ба дараагийн хөгжлийн түүхийн эхлэлийг хөрөнгийн зах зээл дээр шинэ өнгө төрхтэйгөөр эхлүүлэх гэж байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч нь Төр бөгөөд 94.7 хувийг эзэмшиж байгаа бол үлдсэн 5.3 хувийг нийт 4,000 гаруй жижиг хөрөнгө оруулагчид эзэмшиж байна. Компани нэмэлт хувьцаа гаргаж олон нийтэд нээлттэй санал болгосноор төрийн мэдлийн хувьцааг 66 хувь хүртэл бууруулж, жижиг хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэх, төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдал бий болох цаашлаад дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон эерэг өөрчлөлтүүдийг авчирч буй ажил болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Компанийн хоёр дахь зууны түүхийг хамт бүтээлцэн, дэвшилтэт технологи, мэдлэг инновацыг цогцлоосон үндэсний компани болон өргөжин хөгжихөд хувьцаа эзэмшигч Та бүхний хувь нэмэр хамгийн үнэ цэнтэй байх болно.
- Олон улсад технологийн салбарын хувьцааны өсөлт өндөр байгаа гол шалтгааныг та юу гэж хардаг вэ?
- Технологийн салбарын хувьцаанууд өндөр өсөлттэй байдаг гол шалтгаан нь технологи бидний өдөр тутмын амьдралд оршдогт байдаг. Зардлыг бууруулж, цаг хугацааг хэмнэж, хүний гараар хийх ажлыг хөнгөвчилж, өсөлт хөгжилтийг хурдасгадаг. Боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт, аж үйлдвэрлэлийн салбарт гээд бүх салбарт технологи хэрэгтэй. Сүүлийн үед хиймэл оюун ухаан хөгжиж эхнээсээ олон зүйлд ашиглагдаж байгаа төдийгүй мэдээллийн технологийн салбар ч асар хурдацтай хөгжиж байна.
МУ-ын хувьд Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй ТОП 20 компанийн дийлэнх нь санхүүгийн салбар, уул уурхай, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хувьцаанууд эзэлж байна.
Гэтэл олон улсын хувьд хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй, хамгийн өндөр өсөлттэй, хөрөнгө оруулагчид капиталын өсөлтөөс хамгийн өндөр өгөөж хүртдэг хувьцаанууд бүгд технологийн компанийн хувьцаанууд байдаг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар АНУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх голлох индекс болох S&P 500 индекс 14.5 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. Технологийн салбарын үзүүлж буй, үр нөлөө энэхүү өсөлтөд маш өндөр байр суурийг эзэлж байгаа юм.
Тодруулбал чип үйлдвэрлэгч NVIDIA компани энэ онд 158.9 хувийн өсөлт үзүүлсэн нь индексийн нийт өсөлтийн 30 гаруй хувь буюу бараг 1/3-ийг дангаар бүрдүүлж байгаа юм. Технологийн салбарын гайхамшигт 7 компани гэгддэг Apple, Microsoft, Nvidia, Tesla, Meta, Amazon, Google зэрэг компаниуд өнгөрсөн онд гэхэд 40 хувиас 240 хувь хүртэлх өсөлтийг үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус компаниудын нийт зах зээлийн үнэлгээ нь 15.3 их наяд ам.доллароор хэмжигдэж байна.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын хувьд нийт дотоодын нийт бүтээгдэхүүн 28.7 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа бол эдгээр 7 компанийн зах зээлийн үнэлгээ нийт АНУ-ын эдийн засгийн тэн хагастай, БНХАУ-ын эдийн засгийн 82 орчим хувьтай тэнцэж байгаа юм. “Гайхамшигт” гэдэг нэршлийг зүгээр ч нэг өгөөгүй. Дээрх олон шалтгаануудын улмаас гайхамшигт 7 хувьцаа гэж нэрлэж байгаа юм. Технологийн салбар өөрөө гайхалтайгаас гадна хөрөнгийн зах зээл дээр зөв компани нь нээлттэй хувьцаат компани болж чадвал улс үндэстнээрээ өгөөж хүртэх боломжтой.
Манай МУ-ын хувьд мөн үндсэн дамнасан томоохон технологийн салбарын гайхамшигт хувьцаанууд төрж, хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид нь өндөр өгөөж хүртээсэй гэж хүсэж байна.
Салбарын хувьд өндөр өсөлттэй байгаагаас гадна компани бүрд хүнтэй ижил өөрийн амьдралын мөчлөг гэх ойлголт бий. Стратегийн өндөр ач холбогдол бүхий энэ салбарын хувьд их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх, нээлттэй хувьцаат компани болон хөрөнгө оруулалт татах, татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг ирээдүйн стратеги төлөвлөгөөний дагуу зарцуулж компанийн ашигт ажиллагаа нэмэгдэх, нөгөө талаас хөрөнгө оруулагчид хувьцааны ханшийн зөрүү болон ногдол ашгаас өгөөж хүртэх зэргээр нэг талаас томоохон үндэстэн дамнасан корпорацууд төрөх, нөгөө талаас чинээлэг хөрөнгө оруулагчид бий болох боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!