Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Камала Харрис 24 цагийн хугацаанд $81 саяыг цуглуулж, сонгуулийн хандивын дээд амжилтыг тогтоов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөхгүй болсноо зарласны дараа түүнийг залгамжилсан дэд ерөнхийлөгч Камала Харрис улс төрийн сонгуулийн хандивын дээд амжилтыг тогтоожээ.

Байденыг шийдвэрээ зарласнаас хойш 24 цагийн дотор Харрис нийт $81 саяын хандив цуглуулсныг түүний сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Кэвин Муноз өчигдөр мэдээлсэн байна.

Энэ нь АНУ-ын түүхэнд нэг хоногийн хугацаанд хамгийн их хандив цуглуулсан тохиолдол болж байгаа ажээ.

“Дэд ерөнхийлөгч Харрисыг дэмжсэн түүхэн үйл явдал нь сонгуульд ялдаг ард түмний эрч хүч, урам зоригийг илэрхийлж байна” гэж Муноз хандивын талаар мэдээлэхдээ хэлсэн юм.

Энэ дэмжлэг нь ирэх сард болох Ардчилсан Намын үндэсний чуулганаар Харрис 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны нэр дэвшигчээр тодрох магадлалыг нэмэгдүүлж байна.

Түүнтэй өрсөлдөх Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп шүүхээс ял сонссоныхоо дараа $50 саяын хандив цуглуулж, өөрийнхөө дээд амжилтыг тогтоож байв.

Жо Байден өнгөрсөн сарын телевизийн мэтгэлцээнд тааруу үр дүнтэй оролцсоныхоо дараа дөрөв хоногийн дотор $38 саяын хандив цуглуулж байжээ.

Харрисын сонгуулийн кампанит ажилд 24 цагийн дотор 888,000 орчим хүн хандив өгснөөс 500,000 гаруй нь 2024 оны сонгуулийн мөчлөгт анх удаа хандив өгсөн хүмүүс байсан байна.

81 настай Жо Байдены сэтгэцийн эрүүл мэнд муудаж, ажиллах эрч хүч буурсан нь сүүлийн жил орчим хугацаанд илт ажиглагдах болсон юм. Зургаадугаар сарын 27-нд Дональд Трамптай хийсэн телевизийн анхны мэтгэлцээн үүнийг улам тод харуулж байв.

Үүнээс болоод Ардчилсан Намын гол улстөрчид болон дэмжигчид Байденд сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, илүү залуу, эрч хүчтэй хүнд өрсөлдөх боломж олгохыг уриалж эхэлсэн юм.

59 настай Харрис сонгуулийн сунгаанд Байденыг залгамжлахаар болсон нь Ардчилсан Намын зарим дэмжигчдийн эргэлзээг арилгасан бололтой.

 

Эх сурвалж: Associated Press