Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батбаатар: Манай улсын Төв Азийн зах зээл рүү нэвтрэх үүд нь их үсрэлтийнхээ гараан дээр ирсэн Узбекистан улс

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд зургаадугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Элчин Сайдын Яам(ЭСЯ)-ыг тус улсын Ташкент хотноо нээв. 

Монгол Улс Төв Азийн улсуудтай адилхан гараатай байсан учраас найрсаг харилцаагаа сэргээх, идэвхжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр онцолж байв.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар "Узбекистан улсад Монгол Улсыг төлөөлсөн ЭСЯ нээсэн явдал нь бидний хувьд маш том боломж, хамтын ажиллагааны ирээдүйг нээж буй хэрэг. 

Манай улс олон талтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд Төв Ази руу суурин орон зайгаа тэлэх ёстой. Үүний үүд хаалга нь нээлттэй эдийн засагтай болж, их үсрэлтийнхээ гараан дээр ирсэн Узбекистан улс юм гэж бодлогоо тодорхойлоод ЭСЯ-аа нээж байна. 

Хоёр улсын ерөнхийлөгч хамгийн түрүүнд эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах нь онцгой чухал ач холбогдолтой байна гэдгийг харилцан тохиролцсон. 

Узбекистаны талаас хэлсэн ярьсан зүйлсээ маш богино хугацаанд ажил хэрэгч хэрэгжүүлэх шаардлага байна гэдгийг хүсэж байсан. 

Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев манай улсын ерөнхийлөгчид техникийн паркаа үзүүлж байхдаа ердөө 2-3 жилийн дотор гаднын хөрөнгө оруулалтыг ингэж татаж, ийм том технологийн паркийг бүтээж болдог юм гэдгийг харуулж, энэ мэтчилэнгээр хоёр орны хамтын ажиллагаа маш богино хугацаанд амжилтад хүрэх боломж байна гэдгийг өөрөө бодитоор харуулан ярьж байна.

Төв Азийн зах зээл рүү нэвтрэх үүд хаалга нээгдчихлээ. Энэ боломжийг хоёр тал хэн хэндээ ашигтай байлгах нь чухал" гэв. 

Узбекистан улсын эдийн засаг: 

Узбекистан экспортын гол бүтээгдэхүүн нь алт, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, автомашин бол импортын гол бүтээгдэхүүн нь машины тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн мах, махан бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн юм. 

100 гаруй төрлийн эрдэс баялаг агуулсан 2,700 гаруй орд газрыг илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялгийг үйлдвэрлэлийн аргаар олборлодог.

Газрын тос байгалийн хий, уран, чулуун нүүрсний ихээхэн нөөцтэй.

Алтны нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт, олборлолтын хэмжээгээр долоодугаарт ордог. 

Газар нутгийн 10%-ийг усжуулалттай газар тариалангийн талбай эзэлдэг.

Хөвөнгийн экспортоор дэлхийд дээгүүрт ордог.

Бүс нутгийн хэмжээнд химийн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг.