Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн хөл бөмбөгийн домогт тамирчин Роберто Бажо гэрт нь зэвсэгт халдлага гарах үеэр толгойдоо гэмтжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хөл бөмбөгийн спортын түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг тоглогчдын нэг гэгддэг Роберто Бажо өнгөрсөн Пүрэв гарагийн орой Италийн хойд бүсийн Алтавилла Вичентина дахь гэртээ халдлагад өртсөн тухай орон нутгийн цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.

Гэрт нь зэвсэгт этгээдүүд дээрмийн зорилгоор халдах үед Бажо толгойдоо цохиулан гэмтсэн байна.

Мөрдлөг үргэлжилж байгаа тул цагдаа нар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр халдлага гарах үед Бажо гэр бүлийнхэнтэйгээ Евро 2024 тэмцээний Итали-Испанийн шигшээ багуудын тоглолтыг телевизээр үзэж байсан гэнэ.

Энэ үеэр тэр гэр бүлийнхнийгээ хамгаалах гэж оролдоод буугаар толгойдоо цохиулсан байна.

Орон нутгийн цагаар оройн 10:00 цагийн үед гарсан энэ хэрэг 40 минут орчим хугацаанд үргэлжилснийг Арзиньано дахь эмнэлгийн гадна сэтгүүлчидтэй уулзахдаа Бажо ярьжээ.

Зэвсэгт этгээдүүд Бажо болон гэр бүлийн бусад гишүүдийг нэг өрөөнд нь түгжээд дээрмээ үргэлжлүүлсэн гэнэ.

Хэр хэмжээний эд зүйл дээрэмдсэн талаар мэдээлэл байхгүй байна.

“Юуны өмнө бидэнд анхаарал тавьж буй хүн бүхэнд би гэр бүлийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Ийм нөхцөлд ямар ч аюул тохиолдож болох байсан ч азаар би цөөн тооны оёдол, хөхрөлт, маш их айдастай үлдлээ. Одоо би айдсаа даван туулах ёстой” гэж Бажо ярьжээ.

зураг
 

Juventus, AC Milan, Inter Milan клубүүд болон Италийн үндэсний шигшээ багт тоглодог байсан тэрбээр 2004 онд зодог тайлснаасаа хойш хөдөө аж ахуйн жижиг бизнес эрхлэн Алтавилла Вичентина дахь гэртээ амьдарч байгаа юм.

Хэвлэлүүдийн мэдээлснээр Буддын шашин шүтдэг Бажо энгийн амьдралаар амьдарч, хямд автомашин хөлөглөдөг байна.

Одоо 57 настай тэрбээр Италийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 56 удаа тоглохдоо 27 гоол оруулж, дэлхийн оны шилдэг тамирчинд олгодог Ballon d’Or цомыг 1993 онд хүртэж байжээ.

 

Эх сурвалж: CNN