Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн хамгийн баян гэр бүл энэтхэг ажилчдын хөдөлмөрийг мөлжсөн хэргээр Швейцарын шүүхээс ял сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Намрата болон Ажая Хиндуя

Швейцарын шүүх өчигдөр буюу Баасан гарагт Их Британийн хамгийн баян гэр бүлийн дөрвөн гишүүнд хорих ял оноожээ.

Тэднийг Женев хот дахь харшдаа Энэтхэгээс ирсэн ажилчдын хөдөлмөрийг мөлжиж байсан гэж буруутгасан байна.

Хиндуягийн гэр бүл нь Сандэй Таймс сонины тооцоолсноор 37 тэрбум фунт стерлингийн ($47 тэрбум) хөрөнгөтэй бөгөөд энэ нь тэднийг Британийн хамгийн баян гэр бүл болгодог юм.

Өрхийн тэргүүн Пракаш Хиндуя болон түүний гэргий Камал Хиндуя нар тус бүр дөрвөн жил, зургаан сарын хорих ял сонссон байна. Тэдний хүү Ажая болон бэр Намрата нар тус бүр дөрвөн жилийн хорих ял сонсжээ.

Тэднийг цагаачдын эмзэг байдлыг далимдуулан бага хэмжээний хөлсөөр гэртээ ажиллуулж байсан гэж шүүх дүгнэсэн байна.

зураг
 

“Ажилчдын туршлага, мэдлэггүй байдлыг ашигласан. Тэд бага боловсролтой, бүр огт боловсролгүй тул эрхээ хамгаалах талаар ямар ч ойлголтгүй байсан” гэж шүүгчдийн тэргүүн Сабина Маскотто шийдвэртээ дүгнэжээ.

Хиндуягийн гэр бүл хувиа хичээж, олз ашиг олох сэдлээр ажилчдын хөдөлмөрийг мөлжиж байсан гэж үзсэн байна.

Шүүх хуралд Хиндуягийн гэр бүлийнхнээс оролцоогүй бөгөөд өмгөөлөгч нь шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

Швейцарын шүүх тэдэнд хүний наймааны хэргээр илүү хатуу шийтгэл оноож болох байсан ч ажилчид нь хууль бус цагаачид байсан үндэслэлээр ялыг хөнгөрүүлсэн байна.

Хиндуягийнхан төрөлх Энэтхэгээсээ гэрийн үйлчлэгч нарыг Швейцарт авчирч ажиллуулахдаа паспортыг нь хураан авч байжээ.

Тэднийг “нохойдоо ажилчдаасаа илүү их мөнгө зарцуулдаг” гэж прокурор Ив Бертосса буруутгасан юм.

Тухайлбал Хиндуягийнхан гэрийн ажилчин тус бүрд сарын 220-440 франк ($250-$450) төлдөг байсан нь зах зээлийн ханшаас 90 хүртэл хувиар бага байжээ.

“Хиндуягийн дөрвөн шүүгдэгч ажилчдынхаа сул талыг мэдэхийн хажуугаар Швейцарын хуулийг бас мэддэг байсан” гэж шүүгч Маскотто хэлсэн байна.

Эхлээд гурван цагаач ажилчин шүүхэд гомдол гаргахад Хиндуягийн гэр бүл тэдэнтэй тохиролцсоноор хэрэг хаагдаж байжээ.

Гэвч прокурорууд үүнийг ноцтой тохиолдол гэж үзээд хэргийг үргэлжлүүлэн шалгасан байна. Швейцараас зугтах эрсдэлтэй тулд Ажая, Намрата нарыг нэн даруй хорих шийдвэр гаргах хүсэлтийг прокурор Бертосса шүүхэд гаргажээ.

Камал Хиндуя одоо эмнэлэгт хэвтэж, бусад гурав нь түүний дэргэдээс холдох боломжгүй байгаа гэсэн үндэслэлээр шүүх прокурорын хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна.

Өрхийн тэргүүн, эзэгтэй нар 78 ба 75 настай хүмүүс бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд эхнээс нь оролцоогүй юм.

“Бид боолуудтай ёс бус харьцсан асуудлаар маргаагүй. Үнэндээ ажилчид илүү дээр амьдрал санал болгосон Хиндуягийн гэр бүлд талархаж байсан” гэж өмгөөлөгч Николас Жандин шүүх хурлын үеэр хэлжээ.

Хиндуягийн гэр бүлийн эзэмшдэг Hinduja Group нь дэлхийн 38 улсад газрын тос, байгалийн хий, банк санхүү, эрүүл мэндийн зэрэг салбарт бизнес эрхэлдэг бөгөөд 200,000 орчим ажилтантай юм байна.

 

Эх сурвалж: AFP