Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Саранчимэг: Миний хүү ламхай нарыг хүчиндээгүй. Үнэхээр хэрэг үйлдсэн бол энд ирж суухгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Лам хүүхдүүдийн гэх хэрэгт холбогдогчийн ар гэрийнхэн “Монгол Ньюс” төвд өнөөдөр мэдээлэл хийж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Тодруулбал "ламхай нар"-ын гэх хэрэгт холбогдсон 18 настай хүүгийн ээж С.Саранчимэг өөрийн байр суурийг илэрхийлж, мэдээлэл өгөв. 



Тэрбээр "Хилсээр гүтгэгдэн зовж буй хүүхдийнхээ асуудлын үнэн дуу хоолойг хүргэх шаардлагатай гэж үзсэн учраас энэ хурлыг хийхээр болсон. 

Миний бие олон жил хэвтэрт байгаа хүнд өвчтэй, 80 хувийн хөгжлийн бэрхшээлтэй эх хүн байна. Би эрүүгийн хуулийн хамгийн хүнд зүйл ангиар заагдаад байгаа насанд хүрсэн гэх ламхай хүүгийн ээж байна.

Өнөөдөр хүүг маань холбогдуулан шалгаж байгаа хэрэг шүүхэд шилжсэн.

Сүүлийн бүтэн жил гаруй хугацаанд сэтгэлийн дарамттай хэвтэж байгаа миний бие өдөр ирэх тусам дордож, тамир тэнхээгүй болсон учраас олон газраар явж, албан тушаал бүхий хүмүүстэй уулзаж чадахгүй болсон. Ийм учир арга барагдахдаа ард түмэнд хандаж өөрт тохиолдоод байгаа үнэн нөхцөл байдлыг мэдээлж байна" гэлээ. 

"Хүүг минь гурвын гурван хүүхэд хүчиндсэн мэтээр маш увайгүй, худал мэдээллийг тараасан" 

Үргэлжлүүлэн "Хүү маань 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодорсон гэгээнтэн хүүтэй хамт Энэтхэгийн шашны сургуульд явж, суралцаад арав гаруй жилийн дараа ирсэн юм. 

Үүний дүнд шашны философиос гадна төвөд, англи, энэтхэг хэлийг суралцан сургуульдаа амжилттай, нэр хүндтэй байж зиндаа ахиж, удаа дараа шагнуулж байсан.

2023 оны хоёрдугаар сард бие маань нэлээд муудаж, хэвтрээс босож чадахгүй, цооролттой, ядруу байсан учраас миний хүү ээжийгээ асрахаар эх орондоо ирсэн. Гэтэл ганданд гарсан зохиомол хэрэгт холбогдчихлоо. Мэдээж хэргийн үнэн мөнийг шүүх эцсийн байдлаар тогтооно. 

Дээрх хэрэгт холбогдуулан хүүг минь гурвын гурван хүүхэд хүчиндсэн мэтээр маш увайгүй, худал мэдээллийг зохион байгуулалттайгаар дэлхийгээр нэг тараалаа.

Ингэснээр хүү минь өнөөдөр Эрүүгийн хамгийн хүнд 8-12, цаашилбал 25 хүртэлх жил бүх насаараа хоригдох хуулийн зүйл ангид заагдсан хэрэг шүүхэд шилжээд байна. Миний хүү хүүхэд хүчиндээгүй. Энэ бол зохион байгуулалттай гүтгэлэг.

Гандан хийдийг харлуулах зорилготой үйл ажиллагаа явагдсан гэж үзэж байна. Хохирсон гэх хүүхдийн биед шүүх шинжилгээний байгууллагаар хоёр удаа шинжлүүлэхэд ямар ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй" гэж ярилаа. 

"Хэрэг төвөг хийсэн хүүхдээ өмөөрч хамгаалах сэтгэл надад байхгүй. Үнэхээр хэрэг үйлдсэн бол энд ирж суухгүй"

Мөн "Анх хэвлэлээр ярилцлага өгч байсан н.Бадамзул гэх эмэгтэйн хүүхэдтэй манай хүүгийн хэргийг холбогдуулаагүй. Нэг дор байгаагүй хүүхдүүд учраас хамааруулах боломжгүй.

Харин тухайн үед дотуур байранд цуг амьдарч байсан нэг хүүхдийг оролцуулсан байгаа юм. Гэтэл тэр хүүхдэд ямар ч гэмтэл байхгүй. Хоёр дахь удаагийн шинжилгээг нь би өөрөө цуг явж өгүүлж байсан. Ямар ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй.

Түүнчлэн хэрэг гарсан цаг хугацаа дандаа зөрүүтэй. Монголд байгаагүй эсвэл ганданд байгаагүй цаг үе тодорхойлогдсон. Үүнийг мэдэж байгаа хүмүүс нь гэрчийн мэдүүлэг өгөхгүй байгаа. Хохирсон гэх хүүхэд "Энэ бол зуун хувь гүтгэлэг” гэж хэлж байсан.

Хүүхдүүдийн ээж нараас ч сонссон хүмүүс бий. Гэвч өөрийнхөө хүүхдийг бодоод тэр юм уу гэрчийн мэдүүлгийг ерөөсөө өгөөгүй.

Хэрэг төвөг хийсэн хүүхдээ өмөөрч хамгаалах сэтгэл надад байхгүй. Үнэхээр хэрэг үйлдсэн бол өнөөдөр энд хүрч ирээд олны өмнө худлаа яриад суухгүй. Би эх хүн шүү дээ. 

Хүүхдээ өрөвдөж байна. Энэ асуудал шөнө зүүдэнд, өдөр байнга бодогдож дарамтад ороод байна. Цаашдаа энэ их дарамтыг даах чадваргүй болсон учраас амьд дээрээ хэлье хэмээн бодсон" гэв.