290 сая иен хүртэлх үнийн дүн бүхий "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-ийн солилцох ноот бичигт Элчин сайд М.Игавахара болон Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Монгол Улсад аж үйлдвэрийг төрөлжүүлэх зэрэг хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн байгууллага болон холбогдох яам тамгын газрын засаглалын чадавхыг сайжруулж, тогтолцоог бүрдүүлэх чадварлаг хүний нөөцийг бэлтгэх нь чухал асуудал болоод байгаа билээ. Япон Улс нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжиж ирсэн бөгөөд энэхүү "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр"-ийн хүрээнд Монгол Улсын залуу төрийн албан хаагчид Япон Улсын их дээд сургуулиудад магистр болон докторын зэрэг хамгаалах юм.
2001 оноос "Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр" Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөөг хүртэл нийт 416 хүн Япон Улсад суралцжээ. JDS хөтөлбөрийн төгсөгчид эх орондоо ирээд захиргааны байгууллага, их дээд сургууль, төв банк зэрэг олон төрлийн салбарт ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн төслийн хүрээнд 2025 онд хамгийн ихдээ 16 төрийн залуу албан хаагч Япон улсын их дээд сургуульд суралцах боломжтой болно гэж Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яамнаас мэдээлэв.
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас хүлээн авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!