Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Төсвийн мөнгийг улсыг хөгжүүлэхэд биш баян айлын эрх хүүхэд мөнгө цацаж байгаа мэт ашигласан тохиолдол их бий"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Төсвийн төлөвлөлт, тайлагналт, гүйцэтгэл, дотоод аудит" сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Монголбанкны байранд боллоо. 

Хэлэлцүүлгийг Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл, Авлигатай Тэмцэх Газар(АТГ), Үндэсний Аудитын Газар(ҮАГ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр(UNDP) хамтран зохион байгуулсан юм.

Энэ үеэр АТГ-ын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас учирч буй шууд хохирол нэмэгдэж байгааг дурдаж байв. 

Тухайлбал 2022 онд авлига, албан тушаалын 1,500 гаруй гэмт хэргийн улмаас 5 их наяд төгрөгийн шууд хохирол учирсан байна. Үүний 1,000 гаруй нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг байна. Тодруулбал хэн нэгэн албан тушаалтан гарын үсэг зурж, төсвийн мөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан буюу төсвийн мөнгө буруу гараар оржээ гэсэн үг юм. Энэ тухай тэрбээр 1,000 хүрэхгүй шахам хүн амтай суманд хэдэн зуун хүүхдийн том сургууль, цэцэрлэгийг ямар ч тооцоололгүйгээр барьсан байдгийг жишээлэн ярьж байлаа.

зураг
 

Өнөө цагт хүмүүс хүүхдээ суманд сургах сонирхол багасаж, аймаг хот бараадах болсноор сумын сургуулийн дүүргэлт тун бага болоод буй. Гэтэл үүнийг төсөв зарцуулж буй хүмүүс мэддэг ч том дүнтэй төсөл хэрэгжүүлээд буй шалтгаан нь шуудхан хэлэхэд өөртөө ашиг унагаах зорилготой гэж үзэж болохоор байгаа юм. 

Иймээс 2023-2030 онд хэрэгжүүлэх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн

7.1.4-т Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний эрэмбийг тогтоох, хөрөнгө оруулалтын дэд бүтэц, уул уурхай, бүтээн байгуулалтын төслийг төлөвлөхдөө техник, эдийн засгийн үндэслэл, нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, зардлын тооцоололд суурилсан эсэхийг хянах тогтолцоог бүрдүүлж, олон нийтэд ил болгоно гэж тусгажээ.

Энэ тухай АТГ-ын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяр "Судлаачид, Сангийн Яам, Эдийн Засаг, Хөгжлийн Яам гэхчлэн тал талын саналыг авснаар энэ заалтыг оруулсан. Бид олон удаа хөдөө, орон нутгаар явж, яам, агентлагуудаар ажиллах явцад болохгүй байгаа зүйл нь төсвийн мөнгийг улсыг хөгжүүлэхэд биш баян айлын эрх хүүхэд мөнгө цацаж байгаа мэт ашигласан байна. Ямар ч тооцоо судалгаа, эрэмбэ дараалал байхгүй явсан. 

Заримдаа арай ч дээ гэмээр зүйл их байдаг. Уулын аманд 100 сая төгрөгөөр ариун цэврийн байгууламж барьчихсан, нөгөөх рүү нь талдаа 60-70 км явж очих жишээтэй" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг сургуулийн өмнөх насны хүүхдүүдээс эхлэх учиртайг ч онцолж байсан юм. Учир нь дунд сургууль, оюутан, төрийн албан хаагчдын дунд хийсэн судалгаагаар нас нэмэгдэх тусам ёс зүйг баримтлах нь багассан байна. Иймээс 20-30 жилийн дараах ирээдүйгээ бэлдэхийн тулд цэцэрлэг, бага ангиас нь эхлэн хүүхдүүдийг ёс зүйд суралцуулан төлөвшүүлэхээр төлөвлөжээ.

Сонирхолтой нь Социологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар монгол хүний сэтгэхүйн онцлог нь аливаа бараан мэдээллийг өөртөө тусгаж авдаггүй буюу муу зүйл холуур гэх байдлаар сонссон ч сонсоогүй мэт мартахыг хичээдэг суурьтай аж. Тиймээс аливаа гэмт хэрэгт хүнд ял оноосон ч өөртөө тусгаж, ингэж болохгүй байна гэж бодохоос илүү надаас ийм зүйл холуур байг гэж боддог байна.