Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны хяналт шалгалтын асуудлаар байгуулагдсан Улсын Их Хурал (УИХ) дахь Хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдаж, сонсголын товоо тогтсон билээ. Уг сонсголыг энэ сарын 21-22-нд товлож, нэр бүхий 98 хүнийг гэрчээр дуудсан юм.
Энэ талаар Хянан шалгах Түр хорооны гишүүн Т.Доржхандаас сэтгүүлчид тодруулга авлаа. Тэрбээр "Автобусны талаар сонсгол хийх шаардлагыг бид УИХ-д тавьсан. Сонгуулиас өмнө энэ асуудлыг ил гаргах ёстой гэсэн байр суурьтай байлаа.
Өмнөх сонсголуудад бүгдэд нь орж ажилласан хүний хувьд энэ удаагийн сонсголын ялгаатай зүйл нь ердөө л худалдан авалт дээр сонсгол хийнэ. Тиймээс урт хугацаа шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх сонсголууд дээр жишээлбэл Нүүрсний сонсголд гэхэд 15,000 гаруй хүн холбогдсон эсвэл Хөгжлийн банк шиг олон сая бичиг баримт шалгаж хугацаа алдах шаардлагагүй.
Автобус худалдаж авна гэдэг Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх зүйл биш. Тэгсэн атлаа нууцалсан нь асуудалтай гэсэн үг. Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-аас бичиг ирээд үүнд үндэслээд нууцад авсан баримт нь ил болсон. Энэ бүхнийг сонсголоор илүү тодорхой болгох ёстой.
Саяхан хотын дарга асан Д.Сумъяабазар UBN сайтын эрхлэгч Г.Лхагвадоржтой хийсэн ярилцлагадаа тендер зарлахаасаа өмнө "Тэнүүн-Огоо" компанитай гэрээ байгуулсан. Төсөв нь батлагдаад л маргааш нь тус компанитай гэрээ байгуулсан гэх мэт олон ноцтой асуудлыг ярьсан.
Энэ үнэн бол УИХ дээр хэн энэ төслийг оруулж ирээд батлуулсан бэ, батлуулаад маргааш нь чиглэл аваад "Тэнүүн-Огоо" компанитай гэрээ байгуулчихдаг юм бол УИХ-ын гишүүд хууль баталж байна гэж зүгээр жүжиг тоглож байна гэсэн үг.
Дараагийн асуудал нь автобус шинэ юм уу, хуучин юм уу гэдгийг шалгана. Шинэ автобус ирлээ гээд хэвлэлээр магтуулаад, Үндэсний телевизээр хүртэл мэдээ цацсан атлаа бодит байдал дээр хуучин автобус байсныг бүгд мэдэж буй. Манай намын зүгээс БНСУ руу очиж, шалгахад хуучин малгай үйлдвэрлэдэг байсан компани нь дампуураад нэрээ солиод автобус үйлдвэрлэдэг болчихсон байх жишээтэй.
Солонгос улс евро 5 стандарт руу шилжихдээ хуучин явж байсан евро 2 стандартын автобуснууд нь хэрэглээнээс гарч, актлагдсан байсныг нь Вьетнам руу ачиж, засварлаад Монголд оруулж ирснийг нь тогтоосон.
Улс төрийн хувьд хотын дарга нь, хариуцсан сайдтайгаа огцорсон нь үнэн. Гэхдээ санхүүгийн хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэдгийг ил тод болгоно. Буруутай этгээд хуулийн хариуцлага хүлээж, автобус авсан зардлаа Монголын төр буцааж авах ёстой" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!