Монголдоо анхдагч гэж хэлж болох холын зайн морин тойруулгын “Hipay cup 24” уралдаан амралтын өдрүүдэд /2024.05.11,12/ Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь тойруулга дээр амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаан эхний өдөр сонгомол дээд, их нас, сонгомол дунд ангиллаар болсон бол ням гарагт соёолон, сонгомол шүдлэн ангиллын уралдаанаар үргэлжилсэн юм.
Морин тойруулгыг “Монголын финтек групп” хувьцаат компанийн дэргэдэх “Монголын морин тойруулгын клуб” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгосон юм.
Нээлтийн үеэр тус компанийн захирал Баттулгын Наранбат “Бид Монголын морин тойруулгын клубийг байгуулсан. Клуб гэсний учир нь цаашид 20-30 мянган хүн, уяачдын хөрөнгө оруулалтыг татаж Монголынхоо олон бүсэд ийм морин тойруулга барина гэж бодож байна. Ингэснээр жуулчид монгол морин уралдаан үздэг болж, энэ хэрээр монголчууд ашиг орлого олно” гэлээ.
Тус уралдааны нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, зууны манлай, Монгол Улсын Тод Манлай уяач Д.Даваахүү, Монголын морин спорт уяачдын холбооны хүндэт Ерөнхийлөгч М.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын гавьяат багш, “Шинэ Монгол” сургуулийг үндэслэгч Ж.Галбадрах тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид болон үзэгч олон хүрэлцэн ирж оролцлоо.
Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын засгийн газраас 2024 оныг аялал жуулчлалын жил болгон зарлаж, 1 сая жуулчин татах зорилго тавьсан. Бидэнд жуулчдад үзүүлж гайхуулах, өв соёлоо дэлгэж нээх олон цогцолбор байх ёстой. Тэгвэл үүний нэг нь яах аргагүй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Наадам толгойн өвөрт баригдсан энэхүү морин тойруулга цогцолбор болно гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашид энэ морин тойруулга соёл, спорт, аялал жуулчлалын нэг төв болно гэж харж байна. Энд бооцоот уралдаан хослох хэрэгтэй. Үүнд хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай” хэмээн ярилаа.
Монголын морин спорт уяачдын холбооны хүндэт Ерөнхийлөгч М.Энхболд “Өнөөдөр энд 21 дүгээр зууны, тив дэлхийн хэмжээний уралдааныг зохион байгуулах стандарт, норм дүрмийг хангасан морин тойруулгын эхлэл тавигдаж байгаа нь бид морин уралдаанаа дэлхийд, бүс нутагтаа таниулах үйлсийн эхлэл болж байна гэж үзэж байна” хэмээн онцолсон юм.
Нийт 4.8 км урттай энэхүү морин тойруулга нь олон улсын стандартад бүрэн нийцсэн бөгөөд дэлхийд алдартай Кентаки, Хонконгийн жокей клубт ашигладаг секундийг 3000:1 хуваасантай тэнцэх хурдтай Photo finish камер байршуулсан юм. Ингэснээр үзэгчид хэн гэдэг уяачийн морь түрүүлж барианд орсныг маш нарийвчлалтай харах боломж бүрджээ. Мөн уралдах морьдын сэрвээний өндрийг тусгай төхөөрөмжөөр нарийвчлан хэмжиж, мал эмнэлэг, хүн эмнэлгийг ажиллуулсан байна.
Тус уралдаанд үзэгчдийн ая тухыг хангахад анхаарч 1200 орчим сандал бэлтгэж, хоол, зоогийн газрууд, кофе шопууд ажиллаж, бүтэн өдрийн турш урлагийн тоглолт болсон юм. Мөн био ариун цэврийн байгууламжуудыг суурилуулжээ.
Морин уралдааны бүртгэлийн хураамж нь 1 сая төгрөг байсан бөгөөд хураамжаа 100 хувь шагналын санд зарцуулсан байна. Сонгомол дээд, дунд, шүдлэн ангиллын түрүү магнайд мөнгөн шагнал, мөн тус бүр Приус-30 автомашинаар байлсан. Их нас, соёолон, шүдлэн насны байг “Hipay” болон “Монголын Морин Тойруулгын Клуб” хамтран ивээн тэтгэсэн юм. Сонгомол дунд насны байг Монгол Улсын Тод Манлай Уяач Б.Далай, сонгомол шүдлэн насны уралдааныг “EFES” группийн захирал О.Мөнхбат ивээн тэтгэлээ. Их морь, соёолон, шүдлэнгийн түрүү магнай тус бүр мөнгөн шагнал, 2023 онд үйлдвэрлэгдсэн Foton ачааны машинаар байлж, шагналыг газар дээр нь гардууллаа.
Сонгомол дээд /2024.05.11/
Их нас /2024.05.11/
Сонгомол дунд /2024.05.11/
Соёолон /2024.05.12/
Сонгомол шүдлэн /2024.05.12/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!