Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын Газар өнгөрсөн Бямба гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг магтсан дууг интернэт орчинд хориглох хүсэлтийг Солонгосын Харилцаа Холбооны Зохицуулах Газарт гаргажээ.
Дөрөвдүгээр сарын 17-нд интернэтэд видео хэлбэрээр тарж эхэлсэн энэ дуунд Ким Жон Уныг “нөхөрсөг аав” гэх мэтээр магтан дуулдаг юм.
Умард Солонгосын цэргүүд, ажилчид, оюутан сурагчид эрхий хуруугаа гарган бүжиглэж буйг харуулдаг энэ видео тэр үеэс хойш YouTube, TikTok платформуудад хүчтэй тараад байгаа.
Тэгвэл Үндэсний Тагнуулын Газар энэ дуу Мэдээлэл, Харилцаа Холбооны Сүлжээний тухай хуулийн 44.7 дугаар зүйлийг зөрчиж, үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэх үндэслэлээр хориглох хүсэлт гаргажээ.
Хэрвээ хүсэлтийг хүлээж авбал энэ дууны видео дүрсийг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрээс үзэх боломжгүй болох юм байна.
Өмнөд Солонгосын Харилцаа, Холбооны Зохицуулах Газар өнгөрсөн онд Умард Солонгосын суртал нэвтрүүлгийг дамжуулдаг хэд хэдэн YouTube сувгийг тагнуулын байгууллагын хүсэлтээр хориглож байжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!