Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Г.Гантулгад бүх насаар хорих ял оноосон ч хохирогчийн сэтгэл санааны хохирлыг ЗГ-ын тусгай сангаас гаргах боломжгүй болоод байна"

Б.Манлай
2024 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтох "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр/2024.04.24/ хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тэрбээр "Шүүхээр гэм буруу нь тогтоогдож, бүх насаар нь хорих ял оноосон ялтны хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль үйлчилж байна гэж үзэж байна.

Шүүгдэгч Г.Гантулга 12 настай хохирогч охиныг хулгайлсан, хүчиндсэн, амь насыг онц жигшүүртэй аргаар егүүтгэж газарт булсан гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гантулгыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд тусгай ангид зааснаар хүн хулгайлах, бага насны хүүхдийг хүчиндсэн, хүнийг санаатай алах, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор онц харгис хэрцгий аргаар гэсэн хэлбэрүүдээр бүх насаар нь тусгаарлан хорих шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийн дагуу оршуулгын зардлыг гаргасан. Оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлыг төлүүлэх тогтоолыг гаргахдаа 2020 оноос мөрдөгдөж эхэлсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд оршуулгын зардлыг тусгай сангаас гаргаж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Сэтгэл санааны хохирлыг тусгай сангаас гаргах боломжгүй болоод байна.

2018 оноос эхэлж, сэтгэл санааны хохирлыг зайлшгүй төлүүлэх шаардлагатайг мэдээлдэг байсан. Энэ талаар саналыг гаргаж байсан. УИХ-аас сэтгэл санааны хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж, иргэний хуулийн 511-д зааж өгсөн байдаг. Сэтгэл санааны хохирлыг гэм буруутай этгээд гаргана гэж байгаа юм.

Бүх насаар хорих ял эдэлж байгаа этгээд хохирогчийн сэтгэл санааны хохирлыг төлөх боломжгүй. Энэ нь хохирогчийн эрхзүйн байдлыг дордуулж байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 13-т оршуулга, эмчилгээ, хөдөлмөр алдалтын хохирлыг уг сангаас хохирогчид нөхөн олгох гурван зохицуулалттай. Тиймээс энэ хуульд шүүхээс гэм буруутай этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулах шийдвэр гарч байгаа тохиолдолд хохирогчид сэтгэл санааны хохирлыг төлөх зохицуулалт оруулмаар байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.

Дорноговь аймгийн шүүх, прокурор хуулийг зөв хэрэглэсэн.

Засгийн газрын тусгай сангийн төсөв нь 21 аймаг, есөн дүүргийн торгуулийн бүх шийтгэлийн 60%-аас бүрддэг.

Жишээлбэл төрийн өндөр албан тушаалтан 40 сая төгрөгөөр торгууллаа гэхэд үүний 60% буюу 24 сая төгрөг Засгийн газрын тусгай санд төвлөрнө. Нэг хүнээс ийм хэмжээний мөнгө авна гэхээр маш их мөнгөний хуримтлал уг санд үүссэн байгаа.

Манай улсад бүх насаараа хорих ял эдэлж байгаа этгээд 20 орчим байдаг. Тиймээс энэ төрлийн ял авсан ялтны хохирогчдод уг хуулиар зохицуулж, сэтгэл санааны хохирлыг гаргаж өгье. Хуульд өөрчлөлт оруулахгүй бол бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа этгээдийн хохирогчид сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр хэзээ ч олдохгүй" гэж ярилаа.

  • Хорих ангид бүх насаараа хорих ял эдэлж байгаа этгээд ажил хийхгүй, ганцаараа тусгаарлан хоригддог.
  • Бусад хоригдол ажил хийнэ. Ажлын хөлсийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хохирогчийн сэтгэл санааны хохиролд олгох боломж байгааг тэрбээр хэллээ.