Хятад, Тайвань хоёр “дахин нэгдэх” хувь тавилантайг Ши Жиньпин экс ерөнхийлөгчид сануулжээ
Оюутны төлөөлөгчдийг тэргүүлэн Бээжинд хүрэлцэн ирсэн Тайванийн экс ерөнхийлөгч Ма Ин Жоуг өчигдөр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин хүлээн авч уулзжээ.
Хятад улс Тайванийг энхийн болон хүч хэрэглэх аль нэг арга замаар заавал өөртөө нэгтгэх ёстойг сануулах зорилготой гэж ажиглагчид уг үйл явдлыг дүгнэж байна.
Ши Жиньпин зочинтойгоо гадаадын төрийн тэргүүнүүдийг хүлээж авдаг Бээжин хотын Ардын Их Ордонд уулзжээ.
“Улс орон, гэр бүлээ дахин нэгтгэх түүхэн үйл явцыг гаднын ямар ч хүч нөлөө зогсоож чадахгүй. Тайванийн хоолойн хоёр эргийн ард иргэд хоёул хятадууд бөгөөд тэдний дунд шийдэгдэхгүй өшөө хорсол, хэлэлцэж болохгүй асуудал, салгаж чадах хүч гэж байхгүй” гэж Ши Жиньпин хэлснийг Тайванийн хэвлэл мэдээлсэн байна.
Хариуд нь Ма хоолойн хоёр талын хоорондын дайн “Хятад үндэстний хувьд дааж давшгүй зовлон бэрхшээл болно” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Тайванийн хоолойн хоёр эргийн Хятадын ард түмэнд маргаанаа энхийн замаар зохицуулж, мөргөлдөөнөөс зайлсхийх мэргэн ухаан хангалттай бий” гэж Ма энэ үеэр хэлсэн байна.
Магийн харьяалагддаг Тайванийн сөрөг хүчин болох Коминтаны нам эх газрын Хятадтай нэгдэхийг эсэргүүцдэг ч найрсаг харилцаатай байхыг эрмэлздэг.
Ма Ин Жоу нь тус намын Хятадад хамгийн их талтай удирдагчдын нэг юм.
Тэрбээр найман жилийн өмнө ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан ч нөлөө бүхий улс төрчдийн нэгд тооцогддог.
Өчигдрийн уулзалтын үеэр Ши Жиньпин талуудын харилцааг хөгжүүлэхийг дэмжиж, Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцдэг Магийн бодлогыг сайшаасан юм.
Маг ерөнхийлөгч байхад болсон 2015 оны Сингапурын дээд хэмжээний уулзалтаас хойш тэд хоёр дахь удаагаа уулзсан нь энэ ажээ. Тэдний уулзалт бодитой болох эсэх нь эцсийн мөч хүртэл тодорхойгүй байсан юм.
1949 онд дууссан иргэний дайнаас хойш Тайванийн ганц ч удирдагч сонгуулийн бүрэн эрхийнхээ хугацаанд Хятадад айлчлаагүй байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

