Улсын төсөвт дүн шинжилгээ хийх, ойлгомжтой мэдээлэх талаар "Үр дүнд суурилсан төсөвлөлт ба төлөвлөлт" сургалт боллоо
Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд "Үр дүнд суурилсан төсөвлөлт ба төлөвлөлт" нэг өдрийн сургалт Баасан гарагт боллоо.
Энэхүү сургалтаар хэвлэл мэдээллийн тэргүүлэгч байгууллагуудын төлөөлөл болох 30 гаруй сэтгүүлч, мэргэжилтэн өөрсдийн ойлголтыг сайжруулж, улмаар улсын төсөвтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх, олон нийтэд оновчтой байдлаар мэдээлэх чиглэлээр практик ур чадвар эзэмшсэн юм.
Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийг нэвтрүүлэх нь төсвийн хөрөнгийг ил тод, үр ашигтай, хариуцлагатай зарцуулахад чухал нөлөө үзүүлэхийн зэрэгцээ иргэд, шийдвэр гаргагчид хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэхэд гол хүчин зүйл болдог. Өргөн хүрээний энэхүү шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголтыг сайжруулах, төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дэмжихэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал юм.
Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг арга хэмжээг нээж үг хэлэхдээ "Бид төсвийн тогтолцоогоо бусад улс орнуудад эрчимтэй нэвтрүүлэн хэрэглэж эхлээд байгаа үр дүнд чиглэсэн төсөвлөлтийн чиг хандлага руу нийцүүлж шинэчлэх томоохон зорилт тавьж байна.
Энэ нь Тогтвортой хөгжлийн дэлхийн зорилго, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулж 2020 онд УИХ-аас баталсан Алсын хараа 2050-Урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болох учиртай” хэмээн онцлон тэмдэглэв.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовска тус үйл ажиллагааны ач холбогдлыг онцгойлон дурдаж, “Төсвийн ил тод, хариуцлагатай байдал гэдэг бол монголчууд болон улс орны хөгжлийн замналд нөлөөлөх амин чухал сэдэв юм.
Олон нийтэд зөв мэдээлэл түгээж, төр засаг хариуцлагатай, ил тод ажиллахад хэвлэл мэдээллийн дэмжлэг, оролцоо онцгой чухал. Төсвийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, оновчтой мэдээлэх нь ихээхэн хүчин чармайлт шаарддаг тул хэвлэл мэдээллийнхэнд зориулсан энэхүү өдөрлөгөөр бид төсөвлөлт, төлөвлөлтийн сэдвээр дүн шинжилгээ хийх, мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгохыг зорьж байна” гэв.
Сургалтын үеэр шинжээч С.Сүхдэлгэр сэтгүүлчдэд төсвийн төсөл болон батлагдсан төсөвт хэрхэн хянах тухай илтгэл танилцуулсан юм. Тэрбээр Монгол Улсын нэгдсэн төсөв нь орц, гарцад суурилсан, нэг жилийн хугацааных байдаг тул үр дүнгээ хянах боломж сул байгааг дурдаж байв. Түүнчлэн төсвийн тухай мэдээлэл зөвхөн ил тод байгаад зогсохгүй хэнд ч ойлгомжтой байх шаардлагатайг онцолж байлаа.
Тус арга хэмжээний нэгэн хэсэг болох хэлэлцүүлгийн үеэр судлаач эдийн засагч, шийдвэр гаргагч болон хэвлэлийн төлөөлөл бүхий зочин оролцогчид үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага зэрэг сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, төсвийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, бодлого төсөвлөлтийн урт хугацааны тогтвортой байдал зэрэг сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэв.
Түүнчлэн эдийн засаг, төсвийн талаарх мэдээ мэдээлэл бэлтгэхэд сүүлийн үед ашиглаж буй арга техникүүд, тухайлбал эдийн засгийн мэдээллийг тайлбарлах сэтгүүл зүйгээр хүргэх, Хиймэл оюун ухаан болон Рийл ашиглан мэдээ хийх, олон улсын хэвлэлд Монголоос мэдээ хэрхэн бэлтгэж оруулах талаар суралцах боломж сэтгүүлчдэд олдсон юм.
УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцсон тус арга хэмжээг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтран зохион байгууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



