Уншиж байна ...

Nvidia компани шинэ үеийн AI чипээ танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Калифорни мужийн Сан Жозе хотод болсон “GPU Technology Conference” арга хэмжээний үеэр Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан шинэ үеийн AI (Artificial Intelligence) чипийг танилцуулжээ.

Үүний өмнөх үеийн чип болох H100 (Hopper) нь зах зээлд асар их эрэлттэй, Nvidia компани уг эрэлтийг хангаж дийлэхгүй байгаа.

Тус компани шинэ чипээ алдарт математикч, статистикч Дэвид Блэквэллийн нэрээр “Blackwell chip” гэж нэрлэжээ.

Шинэ чип нь өмнөхөөсөө хоёр дахин хурдан болсон юм байна.

“Шинэ чип нь Hopper-оос хоёр дахин хурдан болсон. Хамгийн гол нь энэ чип тооцоолуурын сүлжээ үүсгэх боломжтой” гэж Хуан тайлбарласан байна.

Тухайлбал хүний яриаг гурван хэмжээст видео дүрс болгон хувиргах зэрэг нарийн төвөгтэй үйлдлийг хялбар гүйцэтгэх боломжтойг тэр нэмж хэлжээ.

Blackwell чип нь өмнөх Hopper чипээс 128 тэрбумаар илүү буюу нийт 208 тэрбум ширхэг транзистор агуулсан юм байна.

“Blackwell GPU нь аж үйлдвэрийн шинэ хувьсгалыг эрчимжүүлэх хөдөлгүүр юм. Дэлхийн хамгийн эрч хүчтэй компаниудтай хамтран ажилласнаар бид салбар бүрд хиймэл оюуны технологийг нэвтрүүлэх болно” гэж Хуан мэдэгджээ.

Nvidia компани нь хиймэл оюуны технологийн гол дэд бүтэц болох хагас дамжуулагч чипийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг.

Өмнөх H100 чип нь асар өндөр эрэлттэй байгаа бөгөөд одоо зах зээлд ширхэг нь $40,000 хүртэл үнэ хүрч байгаа.

Технологийн компаниуд Nvidia-гийн чипийг олж авахын төлөө ширүүн өрсөлдөж байна. Тухайлбал Метагийн Марк Закербэрг энэ оныг дуустал хиймэл оюуны төслүүддээ зориулан 350,000 ширхэг H100 авах захиалга өгсөн гэх мэдээлэл бий.

Үр дүнд нь Nvidia компанийн орлого хурдтай өсөж байгаа. Өнгөрсөн оны сүүлчийн улирлын орлого нь $22.1 тэрбумд хүрснийг хоёрдугаар сард зарлаж байлаа.

Гуравдугаар сарын байдлаар Nvidia компанийн зах зээлийн үнэлгээ $2.2 их наяд хүрч, энэ үзүүлэлтээрээ дэлхийд гуравт эрэмбэлэгдэж байна.

 

Эх сурвалж: Business Insider