Испанийн хойд хэсэгт орших Наварра мужид ажилгүй 18 хүн нийлж, бүх хоолыг нэг еврогоор худалддаг ресторан нээжээ.
Ийнхүү тэд ажилгүйчүүдийн эгнээнээс гарах гарцаа олсон талаар орон нутгийн хэвлэлүүдээр мэдээлсэн байна.
“Common good” буюу “Бүх нийтийн сайн сайхан” нэртэй уг ресторан нь хоёр заалтай, 400 суудалтай бөгөөд махан хоол, амттан захиалж болдгоороо давуу талтай.
Ингэхдээ зах зээлийн дундаж ханшаар уух зүйл худалдан авсан нөхцөлд л нэг еврогийн хоол захиалах эрх үүсдэг аж. Үүнээс гадна цалин хөлсөө хэмнэхийн тулд зөөгч огт аваагүй байна. Тиймээс үйлчлүүлэгчид өөрсдөө хоолоо захиалж, ширээнд суух ёстой гэнэ.
Рестораны бүх ажилтан нь уг байгууллагын хамтран эзэмшигчид. Тэдэнд төрөл төрөгсөд нь мөнгө зээлж, хоолны газар нээхэд нь тус болжээ.
Хямд үйлчилгээтэй ийм газрыг байгуулж, тохижуулахад 250 мянга орчим евро шаардагдсан байна. Өнөөдрийн байдлаар хоолны газрын ажилтан бүр сард 800 еврогийн цалин авах төлөвтэй байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!