Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон сууц захиалагчдын эрх ашгийг хамгаалах хууль зүйн орчин сул байгаа нь луйварчдад таатай нөхцөл болж байна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 2 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Цагаан хаалга" цогцолбор хотхоны захиалагчдын эрх ашгийн холбоо болон "Эерэг ирээдүйн давлагаа" төрийн бус байгууллага хамтран орон сууц захиалаад хохирсон иргэдийн хэлэлцүүлэг хийх талаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тус хоёр байгууллагын санаачилгаар ирэх гуравдугаар сарын 10-нд орон сууц захиалагчдын тулгамдаж буй асуудлаар үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хэвлэлийн хурал хийсэн иргэд "Шинээр баригдаж буй орон сууцтай холбоотой хуулийн хүртээмжийг болон энэ харилцаанд оролцож буй иргэд буюу орон сууц захиалагчдын эрх ашгийг хамгаалсан хууль зүйн баталгаа алга.

Шинээр баригдаж буй орон сууцыг иргэдэд маш таатай нөхцөлөөр санал болгодог. Зарим тохиолдолд бага мөнгөөр урьдчилгаа аваад таван жилд хүүгүйгээр зээлээ төлнө гэх мэтээр тархи угаадаг. Үлгэрт нь итгээд байраа захиалдаг, зарим хүн бүр 100% төлбөрөө төлөөд орон сууцандаа орж чадаагүй. Энэ асуудал дээр төрөөс тавьж буй хяналт сул. Гол шалтгаан нь орон сууц захиалагчдын эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалттай бүрдээгүйд оршиж байна.

Олон жил хөдөлмөрлөсөн мөнгөөрөө байр захиалдаг. Харамсалтай нь байр нь баригдах явц дээрээ гацчихдаг. Барилга барьж буй компаниуд нэг бол мөнгөгүй болсон гэдэг үгүй бол барилга барих зөвшөөрөл нь гарахгүй байна гэдэг тайлбар тавьдаг. 

Түүнчлэн материалын үнэ нэмэгдэнгүүт анх гэрээнд тусгасан төлбөрөө өөрсдийн дураар нэмдэг асуудал ч бий.

Тэр бүү хэл нэг байрыг хэд хэдэн иргэдэд давхар зарсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ч илэрсэн. Үүний нэг нь "Цагаан хаалга" цогцолбор хотхоны захиалга дээр болов.

Нэг иргэн 100% төлбөрөө төлчихсөн явж байхад өөр иргэнд бас зарсан асуудал гарсан. Ингээд өмнөх асуудал нь дуусаагүй байтал барилгын материал нийлүүлсэн гэх гуравдагч этгээд мөн тус байрыг авсан болж таарч байгаа юм.

Иймэрхүү асуудал дээр хууль эрх зүйн зохицуулалт сул байгаа учраас иргэд хохирч цагдаа шүүх дээрээ тулж байна. Тиймээс ирэх гуравдугаар сарын 10-нд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон бусад хүний дэмжлэгтэйгээр Хан-Уулын Соёлын төвд үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Энэ хэлэлцүүлгийн урилга болон удирдамжийг Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон холбогдох яам, хотын захирагч, Хан-Уул дүүргийн удирдлагуудад хүргүүлсэн. Энэ асуудал дээр урилга авсан эрх бүхий хүмүүс уг хэлэлцүүлэгт ирэх хэрэгтэй.

Энэ бүхний ард гэр бүл салж байна, иргэд амиа хорлох оролдлого хийдэг. Сэтгэл санааны хохирлын талаар ярихад ч хүнд. Зарим хүн шүүхээр яваад мөнгө төлсөн нь үнэн тул буцааж авах шийдвэр нь гардаг ч биелэлт нь сул.

Одоо хэлэлцэгдэж буй барилгын тухай хуульд энэ талаар тусгасан гэж яриад байгаа ч яаж орсон нь тодорхой бус. Иргэдэд тулгамдаж буй асуудлыг хууль зүйн хүрээнд бодитой арга хэмжээ болох эсэх нь эргэлзээтэй" гэж ярилаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Цагаан хаалга" цогцолборын гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагын Зөвлөх Удирдлагын дарга В.Хоролмаа "Д.Зоригтбаатар захиралтай "Бүрэн өргөө" ХХК Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд байрлах "Цагаан хаалга" цогцолбор хотхоныг 2018 онд барьж эхэлсэн ч одоог хүртэл орон сууц захиалагчид нь байрандаа орж чадаагүй байна.

Бидний хувьд өнгөрсөн хугацаанд хандаагүй газар, уулзаагүй хүн үлдсэнгүй. Эцэст нь иргэд мухарддаг юм байна.

Уг нь нэг яндангаас салъя л гэж иргэд бид орон сууц хөтөлбөрт хамрагдсан боловч 500 өрх, 5,000 иргэнийг орон сууцгүй хохироочиход ямар ч арга хэмжээ авсан зүйлгүй явж байна.

Төрөөс хийсэн ганц үйлдэл нь Хан-Уул дүүрэгт уг асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулагдсан явдал. Гэхдээ энэ ажлын хэсгийн үр дүн нь хаана байна вэ? Уг нь цаасан дээр хараар гэрээ байгуулаад төлбөрөө төлөөд байранд орохоо хүлээдэг. Гэтэл хариуцлага хүлээх эзэнгүй болчихсон. Одоо ямар ч албан байгууллага дээр очсон бид мэдэхгүй гэсэн жижүүрийн үгтэй угтдаг.

Зарим барилгын компани дууссан байраа дахиж барьцаанд тавиад зээл авдаг, өөр иргэдэд давхар зардаг асуудал бий. Үл хөдлөхийн гэрчилгээг давхардуулдаг ийм асуудалд бас хяналт тавимаар байна. 

Тиймээс цаашид иргэд ийм маягаар хохирохгүйн тулд хэлэлцүүлэгт өргөнөөр оролцоосой гэж хүсэж байна" гэсэн юм.