Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Хятад улсын иргэний өмч хөрөнгийг манай улсын хууль хүчнийхэн үгсэн хуйвалдаж, дээрэмдсэн нь тогтоогдсон

П.Зоригт, IKON.MN
2024 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаадын иргэний хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлсэн асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монголын хуулийн байгууллагын олон албан хаагч үгсэн хуйвалдаж, БНХАУ-ын иргэний хөрөнгийг нь дээрэмдсэн гэх асуудал хяналт шалгалтаар тогтоогдсоныг тэрбээр хэлэв. 

Энэ талаар "Миний бие тайлбар хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон.

Хотын төвийн А зэрэглэлд, Сүхбаатарын талбайн урд байрлах 14,000 метр квадрат "Ayud tower" гэх оффисын барилгыг БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай барьжээ. Гэвч энэхүү оффисын барилгыг зарим албан тушаалтан өөрсдийн өмчлөлд хууль бусаар шилжүүлж авсан гэх гомдол ирсэн.

Дээрх гомдлын хүрээнд Засгийн газраас хоёр удаа тогтоол гаргаж, нэр бүхий компанийн асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаж шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгсөн байдаг.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд Ажлын хэсэг гаргаж тухайн асуудлыг шалгаж авч үзсэн. Улмаар энэ асуудлаар шалгалтын Ажлын хэсэг илтгэх хуудас дүгнэлтээ гаргаж, надад танилцууллаа. 

Хяналт шалгалтын дүнгээр олон ноцтой асуудал тогтоогдлоо.

  • Тухайн өмчийн эзэн Хятад улсын иргэн гарын үсэг зураагүй байхад гарын үсгийг нь хуурамчаар зурсныг нотариат баталгаажуулж, өмчлөлийг шилжүүлсэн нь тогтоогдов. 
  • Нотариатч дээрх үйлдлийг хийснийхээ дараа АНУ руу зугтаж, алга болсон нөхцөл байдал мөн тогтоогдсон.
  • Хуурамч гарын үсгийг нотариатч гэрчилсэн үйлдэл гарч, тэр хөрөнгийг шилжүүлэхдээ Улсын бүртгэлийн байгууллага холбогдох хуульд заасан 11 шаардлага хангах асуудлын найм нь хангагдаагүй байхад бүртгэл хийж, бусдын хөрөнгийг шилжүүлсэн.

Энэ бүх асуудлаар Улсын бүртгэлийн байгууллагад олон удаагийн гомдол гаргахад тэдгээр гомдлыг тухай бүрд нь хангалттай хянаж, шалгалгүйгээр эрх зүйн бүрэн бус дүгнэлт хийж, татгалзсан хариуг өгч байсан" гэлээ. 

"Олон хуулийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоотой, зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа"

Үргэлжлүүлэн "Бусдын өмч хөрөнгийг шилжүүлсэн энэ асуудлаар БНХАУ-ын иргэнийг саатуулах ямар ч байгууллагын шийдвэр гараагүй байхад бүртгэлд оруулсан.

Өөрөөр хэлбэл энэ хэрэгт олон этгээд оролцсон байна. 

Энэ асуудлаар тухайн компани Авлигатай Тэмцэх Газар, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, нийт найман удаагийн эрүүгийн хэрэг үүсгэгдэж, дөрвөн удаагийн эрүүгийн хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн нөхцөл байдал мөн тогтоогдсон.

Манай маш олон хуулийн байгууллага, албан тушаалтнуудын оролцоотой цаанаа эрх бүхий хүний нөлөөтэйгөөр зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа гэж үзэж байна. Иймээс албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн байгууллага, Хил хамгаалах байгууллага, нотариатын байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцсон" хэмээв. 

"Улаан цагаан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахгүй олон удаа хааж байсан"

Мөн "Намайг Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай журам гаргаж, тэр хүмүүст хариуцлага тооцлоо, Хятадын талд үйлчиллээ гэдэг байдлаар гүтгэлэг тарааж байгаа. Үүнийг хүний хөрөнгийг дээрэмдсэн тэр этгээдүүд явуулж байна.

Улаан цагаан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгахгүй олон удаа хааж байсан. Хуулийн байгууллагууд нь өөрсдөө оролцоотой байна гэсэн үг. Тийм учраас энэ асуудлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд анхааралдаа авч, хяналт шалгалтаар илэрсэн асуудлыг бүгдийг нь шилжүүлсэн.

10-аад жилийн өмнөх ханшаар бараг 10 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай асуудлыг хуулийн байгууллагын олон албан хаагч үгсэн хуйвалдаж, хөрөнгийг нь дээрэмдсэн байх боломжтой асуудал тогтоогдоод байна" гэлээ.