“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр хоёрдугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын “Drees & Sommer” компанийн төвд зочилж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Drees & Sommer” нь 50 гаруй жилийн түүхтэй, Германы Штутгарт хотод төвтэй компани юм.
Тус компани нь эдийн засгийн үр ашигтай, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, инновац шингээсэн хот төлөвлөлт, дэд бүтэц, инженерийн төлөвлөлтийн төслүүд хэрэгжүүлдгээрээ олон улсад танигдсан юм. Лондон дахь “BBC” агентлагийн төв оффис, Итали дахь Ламборгини үзэсгэлэнгийн танхим, Шанхайн Пудон музей, Утрехт хотын орон сууцны дүүрэг гэхчлэн дэлхийн 60 орчим байршилд бүх төрлийн хот, барилга төлөвлөлт, инженерийн бүтээн байгуулалтыг уг компани гүйцэтгэжээ.
“Үндэсний эвсэл” нь “Drees & Sommer”-тай хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар ба Эрдэнэт, Дархан, Чойбалсан хот болон бүсчилсэн хөгжлийн төлөвлөлттэй уялдан аймгийн төвүүдийн шинэ төлөвлөлт болон евро-стандартаар гүйцэтгэлийг хэрэгжүүлэх зэрэг шийдлийг хамтран боловсруулахаар болжээ.
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын хувьд Германд суралцаж инженер, бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсны хувьд тус компанитай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд монгол залуусыг Германд сургах боломжийн талаар уулзалтын үеэр ярилцлаа.
Мөн гаднын компаниудтай хамтран ажиллах, чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, чаддагаар нь хийлгэх буюу хотын хөгжлийг асуудлыг гадаадын компаниудтай хамтран шийдвэрлэх нь нэн чухал гэдгийг Н.Номтойбаяр тэргүүн уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!