Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын захиалгаар Мэргэжлийн социологичдын холбоо ТББ 2022 онд хийж гүйцэтгэсэн "Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй ахмад настны эрх, хамгаалал судалгаа"-ны тайлангаас ахмадуудын тэтгэвэртэй холбоотой хэсгийг танилцуулж байна.
Тэтгэврийн насны хүн ам 2020 онд хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувь болж, Монгол Улсын хүн амын дотор ахмад настны эзлэх хувь өсөх хандлагатай байна.
Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаа 333,046 ахмад настан байгаагаас 244,763 ахмад настан буюу 73.49 хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 500,000 төгрөгийн тэтгэвэр авч байна.
Харин тэтгэврийн дундаж хэмжээ 2022 оны байдлаар 562,500₮ байгаа аж. Энэ нь улсын дундаж цалин хөлснөөс 2.7 дахин бага байгаа юм байна.
Тухайн өрхийн сарын дундаж орлого болон ам бүлийн тоон харьцаагаар амьжиргааны түвшнийг тодорхойлоход нийслэлийн гэр хорооллын ахмад настнуудын 54.5 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур түвшинд амьдарч байна. Үүнээс үзэхэд өрхийн дотор ажил орлоготой хүн ховор, өрхийн орлогын гол эх үүсвэр нь тэтгэвэр байна.
Зээлтэй ахмад настнуудын зээлээ хэнд зориулж авсныг тодруулахад 43 хувь нь өөртөө, 31.6 хувь нь үр хүүхдүүддээ, 10.7 хувь нь эхнэр, нөхөртөө, 8.4 хувь нь ач, зээдээ зориулж зээл авсан байна.
Үүнээс үзэхэд гэр хорооллын 10 ахмад настан бүрийн зургаа нь тэтгэврийн зээлээ өөртөө бус гэр бүлийн гишүүддээ авч өгдөг болох нь харагдаж байна.
Зээлийн зориулалтаас харахад гэр хорооллын хоёр ахмад тутмын нэг нь зээлээ бусдад буюу ар гэрийнхнийхээ сургалтын төлбөрийг төлөх, машин унаа авах зориулалтаар авчээ.
Баримт
“... Тэтгэврийн зээл аваад үр хүүхдэдээ зарцуулж байна. Зургаан сараар юм уу, жилийн хугацаатай авдаг. Хүүхдүүддээ авч өгөхгүй байхын аргагүй тохиолдол гарч ирдэг. Би гурван охинтой. Нэг охиндоо тэтгэврийнхээ зээл аваад өгчихсөн. Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулмаар байгаа юм”.
ФБЯ: СХД-ийн 10 дугаар хорооны ахмад настан
“... Ахмад настнуудын эрх бүрэн хангагдаж чадахгүй байгаа. Тэтгэврийн зээл авчхаад өөрсдөө хэрэглэж чадахгүй байна, үр хүүхдүүддээ орон байраа өгөөд өөрсдөө очих газаргүй болсон ахмадууд байна. Одоо энэ очих газаргүй хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг хүмүүсийнхээ судалгааг аваад хөнгөлөлттэй журмаар орон сууцаар хангаад өгөх хэрэгтэй л байна. Нийгэм төр засгийн зүгээс ахмадуудын орон сууцны асуудлыг л шийдэх хэрэгтэй”.
Ганцаарчилсан ярилцлага: ЧД-ийн ахмад настан
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!