Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Аймгууд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхээр мөнгө төсөвлөвөл ЖДҮХС-гаас хоёр дахин үржүүлж олгохоор болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдын тушаалаар Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл энэ долоо хоногт батлагдсан байна. 

зураг
 

Үүнтэй холбогдуулан "ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар Жижиг, дунд үйлдвэрийн газар болон бизнес эрхлэгчдийн хамтарсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. 

Хэлэлцүүлгийн үр дүнд бизнес эрхлэгчдээс санал авч тус сангаас олгох зээлийн журмыг шинэчлэн батлах аж. Энэ жилийн тухайд нийт 20 гаруй салбарт 36 тэрбум хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болжээ. Зээлийн хүсэлтийг энэ сарын 24-нөөс хоёрдугаар сарын 24-ний хооронд цахимаар хүлээн авах юм.

ЖДҮХС нь нийт нэг их наяд хүртэл төгрөгийн санхүүжилтийг 8,668 төсөлд олгосон. Үүнээс 7,572 зээлдэгч 879 тэрбум төгрөгийн зээл төлсөн байна. Одоогоор 1,096 зээлдэгч 168 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж. 

"Хөдөө аж ахуйг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2.5 тэрбум төгрөгийн зээлийг жимс, жимсгэнийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тусад нь олгоно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Журам шинэчлэн батлахтай холбогдуулан ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа талаар Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Аж ахуйн нэгж болон орон нутгаас зээлийн сонгон шалгаруулалтын хугацаа урт байна гэсэн санал ирүүлсэн. 2018 онд үүссэн нөхцөл байдлаас улбаалж алдаагүй ажиллахын тулд бүх зүйлийг нарийн шалгах журам баталсан. 

Хүсэлтээ ирүүлсэн 1,500 төсөл бүрийг газар дээр нь очиж үздэг. Жижиг дунд үйлдвэрийн газарт зээлийн сонгон шалгаруулалтад 4-5 хүн ажилладаг. Хол аймаг руу явахын тулд цаг хугацаа, хүний нөөцийн асуудал гарна. Үүнийг цахимаар хэрхэн зохион байгуулав вэ гэдгийг шийдэх асуудал байна. 

Орон нутгийн төсөл сонгон шалгаруулах хороонд магистрын зэргээс дээш цолтой хүн ажиллах гэсэн журмыг оруулсан. Гэтэл ажиллах хүн ховор байна, магистрын зэрэг болгож өгөөч гэсэн саналыг аймгууд ирүүлж байна. 

Өмнөх журам дээр эргэн төлүүлэх хяналт тавихдаа үл хөдлөх хөрөнгүүдийг хэрхэн авах, худалдан борлуулах хэсэг нь учир дутагдалтай. Дөрвөн жилийн хугацаанд энэ сангаас зээл олгоход ямар нэгэн байдлаар хээл хахуулийн үйлдэл үүссэнгүй. Сонгон шалгаруулалт нээлттэй явагддаг. 

Өнгөрсөн жилээс эхэлж зээлийн хүсэлтийг цахимаар авч эхэлсэн. Орон нутаг дээр тоног төхөөрөмж, интернэт, мэдлэг чадварын асуудал гардаг. Энэ жилийн хувьд салбараар ангилж олгохгүй.

Нийт 35-36 тэрбум төгрөгийн зээл олгох бөгөөд үүний 29 тэрбум нь үндсэн бүтээгдэхүүн байна. Хөдөө аж ахуйг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2.5 тэрбум төгрөгийн зээлийг жимс, жимсгэнийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тусад нь олгоно. 

Мөн хоршоог дэмжих хөтөлбөрийн хүрээнд 4.5 тэрбум төгрөгийн зээлийг манай байгууллага өгнө. Аймаг тус бүрд нэг тэрбум төгрөг өгөхөөр хуваарилсан. 

Орон нутгаас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд мөнгө өгөөч гэсэн хүсэлт ирүүлдэг ч өөрсдөө санаачилга гаргадаггүй. Тиймээс санаачилга гаргаад орон нутгийн төсөв дээрээ мөнгө хуваарилбал нэг аймагт олгох нэг тэрбум төгрөг дээр нэмээд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас төсвийг нь хоёр дахин үржүүлж олгохоор болсон. 

Жишээлбэл энэ жил Сүхбаатар, Завхан, Өмнөговь гэсэн аймгууд орон нутгийн төсөв дээрээ мөнгө тавьсан. Аймаг бүрд олгох санхүүжилтийн хуваарь дээр Сүхбаатар, Завхан аймаг өндөр байгаа.

Учир нь орон нутгийн төсөв дээрээ 500 сая төгрөг тавьсан учраас манай байгууллага нэмж 500 сая төгрөг, сангийн жишиг дүн зэрэг нийлээд хоёр тэрбум төгрөг болсон" хэмээн ярилаа. 

Хэлэлцүүлгийн зургуудаас: