Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын тулаант төрлийн шилдэг уран бүтээлчид Нэтфликсийн шинэ кинонд нэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Нэгдүгээр сарын 26-нд Нэтфликс платформд цацагдах “Badland Hunters” шинэ киног өчигдөр Өмнөд Солонгосын уран бүтээлчид танилцуулжээ.

Уг киног өнөө цагийн тулаант үзэгдлийн хамгийн сайн найруулагч гэгдэж буй Хо Мён Хэн найруулж, гол дүрд нь мөн тулаант төрлийн шилдэг жүжигчинд тооцогддог Ма Дон Сок тоглосон байна.

Тэд өчигдөр Ан Жи Хэ, Ро Жон Уй, И Жүн Юн, И Хэ Жун зэрэг бусад жүжигчдийн хамт Сөүл хотын Жонно дүүргийн нэгэн зочид буудалд шинэ уран бүтээлээ танилцуулжээ.

Томоохон газар хөдлөлтийн дараа амьд үлдсэн хүмүүсийн дунд өрнөж буй тэмцлийг киноны үйл явдал харуулах юм байна.

Тухайлбал сэтгэцийн өвчтэй эмчийн (И Хэ Жун) барьцаалсан өсвөр насны охиныг (Ро Жон Уй) аврахаар нэг эр (Ма Дон Сок) тэмцэж байгаагаар киноны үйл явдал өрнөх ажээ.

“Badland Hunters” нь Хо Мён Хэний ерөнхий найруулагчийн хувиар бүтээж буй анхны кино юм. Тэрбээр өмнө нь 2019 оны “Kingdom”, 2022 оны “The Roundup”, 2016 оны “Train to Busan” зэрэг бүтээлүүдийн тулааны хэсгийг найруулж байсан юм.

зураг
 
`Badland Hunters` киноны найруулагч, гол дүрийн жүжигчин хоёр

“Тулаант төрлийн бүтээлүүд дээр ажиллаж ирсэн миний туршлагаас үзвэл тулааны хэсгийг киноны ерөнхий найруулгаас салгаж үзэх боломжгүй санагддаг. Тулаантай хэсэгт дүрийн харуулах сэтгэл хөдлөл болон бусад бүх жүжиглэлийн элементүүд хоорондоо маш сайн зохицох ёстой. Хо найруулагчийн хувьд түүний гардан тулааны найруулгын асар их туршлага киноны ерөнхий найруулгыг сайн гүйцэтгэхэд чухал нөлөөтэй гэж би бодож байна. Түүнийг ингэж чадна гэдгийг би мэдэж байна” гэж жүжигчин Ма ярьжээ.

“Энэ киноны гол зорилго бол онцгой нөхцөл байдалд хүмүүс амьд үлдэхийн тулд юу хийж чадахыг ил тод харуулах. Тиймээс би амьд үлдэхийн тулд хамгийн харгис хэрцгий зүйлийг хийхэд бэлэн хувь хүмүүсийн дүрийг бүтээхэд анхаарлаа хандуулж, киноныхоо үзэгчдэд насны хязгаар тавьсан юм” гэж найруулагч Хо ярьсан байна.

Ма Дон Сокын хувьд энэ удаа зөвхөн нударгаар бус, олон төрлийн зэр зэвсгээр тулалдаж байгаа ажээ.

“Би өмнөх бүтээлүүддээ ихэвчлэн нударгаар тулалддаг байсан бол энэ удаа олон шинэ оролдлого нэмлээ. Би энэ удаа янз бүрийн зэвсэг, тухайлбал төрөл бүрийн буунууд, тэр ч байтугай мачет хэрэглэж байгаа” гэж 52 настай Ма ярьсан юм.

 

Эх сурвалж: Korea Times