Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Мазаалай” цас, мөсний олон улсын наадам тун удахгүй...

ikon.mn
2024 оны 1 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Гэр бүл, найзуудаараа цагийг хөгжилтэй, шинэлэгээр өнгөрүүлэх боломжийг олгох “Мазаалай” цас, мөсний олон улсын наадмыг 1 дүгээр сарын 14-нд Скай Ресорт цанын баазад зохион байгуулах гэж байна. Тэгвэл энэхүү наадмаар нүд хужирлаж, сонирхол татахуйц ямар зүйлс байгаатай хамтдаа танилцъя.

Цогц мөсөн байгууламж болон соёл урлагийн арга хэмжээ

Үндэсний бахархалт амьтан болсон Мазаалайг өхөөрдөм гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз. Тэгвэл эдгээр хөөрхөн амьтдыг дүрсэлсэн 5 метр өндөр ээж мазаалай болон бамбарууш нарын мөсөн баримал сүндэрлээд байна. Нийт 53 ширхэг уран хийцтэй цас мөсөн баримлууд байрлах энэхүү шинэлэг наадмын үеэр цасан дэлгэц, мөс цасан задгай театр, тайзтай байхаас гадна байгальд ээлтэй зан үйлийг сурталчилсан соёл урлагийн тоглолт, медиа үзүүлбэр толилуулагдаж, үзэгчдийг хөгжөөх аж.

зураг
 

Гиннесийн дээд амжилтыг тогтооно

Та гиннесийн амжилтыг тогтооход гар бие оролцохыг хүсэж байна уу. Тэгвэл олон улс дахь жуулчдын анхаарлыг энэ наадамд татахын тулд нэг цагт хамгийн олон хүн мөсөн гулсуураар гулгасан тохиолдлыг бий болгохоор зорьж байна. 12м өргөнтэй, 22м урттай мөсөн гулгуурыг бүтээгээд байгаа бөгөөд энэхүү гулгуураар нэг цагт багадаа 200 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох боломжтой.

Хэрэв энэхүү амжилтыг тогтоож чадвал,  тус гулсуураар гулгасан хүн бүрд Гиннесийн дээд амжилт бүхий гэрчилгээний хуулбарыг дурсгал болгон өгөх юм.

Олон улсын мөсөн урлаачдын тэмцээн

Мөсөөр хэрхэн гайхалтай бүтээл урлаж болохыг энэхүү наадмыг зорьсон танд мэдрүүлэх болно. Монгол, Орос, Хятад, Тайланд, Америк, Франц зэрэг орнуудын 24 уран сийлбэрчид “Мазаалайг аваръя” сэдвийн дор ур ухаан, авьяас билгээрээ 1 дүгээр сарын 14-нөөс 17-ны хооронд үзэгчдийн дунд бүтээлээ урлаж, авьяас чадвараараа өрсөлдөх юм.

зураг
 

Өвөл зунаас дутахгүй олон жуулчдыг хүлээн авдаг болно

Манай орны хувьд аялал жуулчлалын хамгийн таатай үе нь урин дулаан цаг гэж үздэг хэдий ч “жуулчны улирал”-ыг зунаар хязгаарлалгүй, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх концепцыг БОАЖЯ-наас баримтлаад байгаа юм. Энэхүү наадам нь ч энэ бодлогод хувь нэмрээ оруулж буй бөгөөд цас мөс үздэггүй орнуудаас жуулчин ирүүлэх “хүйтний менежмент”-ийг хэрэгжүүлэхэд таатай нөлөө үзүүлэхийг мэргэжилтнүүд онцлоод байна. Тиймдээ ч Монголыг өвлийн аялал жуулчлалын сонирхол татахуйц орны нэг болох, Монголын ирээдүйн хамгийн том өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүтээх, зэрэг томоохон зорилготой билээ.

зураг
 

Орлогын 30 хувь Мазаалайг хамгаалах үйлсэд хандивлагдана

Наадмаа дэлхийн дулаарлаас болж амьдрах орчин нь устаж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд маш их өртөж байгаа мазаалай баавгайгаар нэрлэсэн нь уур амьсгалын өөрчлөлтөд Монголын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, хүмүүсийг амьдралын хэв маягтаа дүгнэлт хийж, өөрчлөлт хийхийг уриалах юм.

Дэлхийд ердөө 50 ширхэг үлдсэн, улаан номын устаж алга болж буй “нэн ховор” ангилалд орсон, усгүй, хуурай Монголын говьд тэсэж үлдсэн мазаалай нь олон хүний сонирхлыг татдаг. Энэ өвөрмөц амьтныг авран хамгаалж, ирээдүйдээ үлдээх үүрэг, санаачилга, хичээл зүтгэлийг харуулах энэхүү наадмыг анх удаагаа Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Наадмын талбай нь нэг дор 400-500 хүн хүлээн авах хүчин чадалтай, 4000м.кв бөгөөд 2-р сарын 8 хүртэл үргэлжилнэ.